1 BILL ON MINE REHABILITATION TO BE DRAFTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      2 GER DISTRICT HOUSEHOLDS TO ENJOY NIGHTTIME TARIFF DISCOUNT FROM NOVEMBER 1 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      3 PRESIDENT MEETS WITH ROBERTO AZEVEDO, DIRECTOR-GENERAL OF THE WORLD TRADE ORGANIZATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      4 THE ULTIMATE LUXURY GERS IN MONGOLIA'S EXPANSIVE GOBI DESERT WWW.FORBES.COM PUBLISHED:2018/10/23      5 MEETING WITH ARANCHA GONZALEZ, EXECUTIVE DIRECTOR OF THE INTERNATIONAL TRADE CENTER WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2018/10/23      6 2019 BUDGET PLAN BRINGS ATTENTION TO FUTURE HERITAGE FUND WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/23      7 SUB-REGIONAL WORKSHOP BY UNCTAD AND ITTLLDC SUCCESFULLY ORGANIZED IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/23      8 B.BATZORIG: DOMESTIC NEED OF WHEAT AND POTATOES TO BE FULLY ENSURED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      9 CHINA STOCKS SEE BIGGEST SPIKE SINCE 2015 WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/22      10 JAPAN FINDS ITSELF BURIED IN PLASTIC WASTE AFTER CHINA STOPS IMPORTING WORLD’S TRASH WWW.RT.COM PUBLISHED:2018/10/22      УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2.1 КМ АВТО ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ДАРХАНЫ ЗАМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ ИРЭХ ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     УЛААНБААТАР, БЭЭЖИН ХОТУУД АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.UNUDUUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     "АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХЫН ТУЛД НИЙТ 104,7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН" WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ХАРИУЦЛАГА АЛДСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВАХАА “ДЦС-4”-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МЭДЭГДЭВ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ ХХК: ДАВАА ГАРАГТ ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРСНИЙ 1143 АВТОМАШИН ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ИРЭХ ОНД ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 48 ЦЭЦЭРЛЭГ, 11 ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ЕТГ: “ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ФОРУМ”-ЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ОУХТ ДЭМЖИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ЭДИЙН ЗАСАГ НЬ ХАМГИЙН ХУРДТАЙ ӨСӨЖ БУЙ Ч АГААРЫН ЧАНАРААР СҮҮЛ МУШГИЖ БУЙ УЛС WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/22     МОНГОЛБАНК: FATF-ИЙН "СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ САНХҮҮГИЙН СИСТЕМД ХҮНД ЦОХИЛТ БОЛНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/22    

Арнауд Суарат: Оюу толгойн ирээдүй гэгээтэй байна www.dnn.mn

“Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцлаа.

-Таны талаарх мэдээллийг сонирхож байхад дэлхийн олон оронд очиж ажиллаж байсан, бараг тив болгонд хөл тавьсныг тань анзаарлаа. Та хаана мэндэлсэн бэ?

-Би Францын Бургундид төрсөн. Тэндээ 16 нас хүртлээ амьдраад түүнээс хойш дэлхийг тойроод л амьдарч, ажиллаж эхэлсэн дээ.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-25 гаруй жил энэ салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн бүх л тивд хөл тавьж ажиллалаа, Антарктидийг эс тооцвол (инээв). Өмнөд Африк, Бразил, Венесуэл, Энэтхэг гээд олон оронд очиж ажилласан. Хоёр жилийн өмнө одоо хашиж байгаа Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээж аваад Монголд ажиллах сайхан завшаан тохиолдсон. Монголд ирэхийг мөрөөддөг олон хүний нэг нь би байсан шүү. Ажлаа хүлээж авчхаад Монгол гэдэг их гоё оронд очих нь ээ гэж дотроо битүүхэндээ догдолж байлаа. Ажил хүлээж авсан намар, есдүгээр сард байхаа анх удаа Өмнөговьд, Оюу толгойд очиж ажилласан. Онгоцноос буухад бороо орчихсон, зүлэг, ногоо тэгширсэн газар угтсан л даа. Түүнээс хойш Монголд олон удаа ирлээ, Оюу толгойд олон очиж ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Зэс, очир эрдэнийн группийн Удирдах бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүс, мөн гүний уурхайн гол ханган нийлүүлэгчидтэй хамт гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцаад ирсэн. Энэ үеэр анхдагч бутлуур суурилуулах "Аварга" хэмээн нэрийдсэн байгууламжийн нээлтийн ёслолд оролцсон.

-Оюу толгой бол Монгол Улсын хувьд маш чухал төсөл. Зарим талаар түүхэн ач холбогдолтой төсөл ч гэгдээд байгаа. Монгол Улс яалт ч үгүй Оюу толгойг түшиглэж хөгжиж байна?

-Оюу толгой төсөл “Рио Тинто” болон Монголын ард түмэн, нийт хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь маш чухал ач холбогдолтой. Оюу толгой бол гайхалтай төсөл. Дэлхий дээр хэрэгжиж байгаа хамгийн томоохон гүний уурхайн төслүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл нэг жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Ингэснээрээ ил болон гүний уурхайгаас аль алинаас нь олборлолт хийх бололцоог бүрдүүлнэ.

Өнөөдөр Оюу толгойд 14 мянга гаруй ажилтан байна. Түүн дээр манай ханган нийлүүлэгч 700 гаруй компаниудын ажилчдын тоог нэмбэл нийт энэ төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа 55 мянган хүн бий. Манай 14 мянган ажилчдын 94 хувь нь монголчууд. Ажиллах хүчтэй холбоотой үзүүлэлтүүдийг ярихад миний хувьд бахархалтай байдаг.

Өмнө нь ажиллаж байсан туршлага дээрээ үндэслээд харахаар ийм богино хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулж байгаа улс орнуудын иргэд нь ийм өндөр хувьтайгаар ажил эрхэлж байсан тохиолдол гарч байгаагүй.

Уурхайн үйл ажиллагааг эрхэлж авч явах үүрэг хүлээсэн компанийн хувьд мэдээж хэрэг бид уурхайн зураг төсөл, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийгээд барьж бүтээн байгуулаад уурхайн үйл ажиллагааг эрхэлж явуулахаас гадна дэлхийд тэргүүлэх компанийн хувьд Монгол Улсад олон улсад тэргүүлэх стандарт, туршлага, мэдлэгийг авчрах үүргийг бас хүлээж байгаа. Энэ хүрээнд монголчуудыг сургах, бэлтгэх, энэ уурхайг авч явах боловсон хүчнүүдийг бэлдэж ажиллаж байна. Бидний хувьд ажилчдаа, гэрээт компаниудтай нь зааж сургаж байгаа нь зөвхөн Оюу толгойн тусын тулд биш л дээ. Ханган нийлүүлэгчидтэйгээ ярьж байхад эндээс сурсан, мэдсэн зүйлээ өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлснээрээ бусад оролцож байгаа төслүүд дээрээ ч Оюу толгойн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж буйгаа хэлж ийм жишээ олон байгааг онцолж байсан. Би үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн. Тэр үеэрээ, Оюу толгой, “Рио Тинто”-гийн хувьд хамгийн тэргүүн зэргийн зорилго болох аюулгүй ажиллагааны хүрээнд хамгийн нэр хүндтэй группийн шагнал болох Гүйцэтгэх захирлын нэрэмжит “Аюулгүй ажиллагаа”-ны шагналыг Оюу толгойн ажилчдад гардуулж өгсөн.

-“Рио Тинто” компани жил бүр уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэгийг шалгаруулж энэ шагналыг олгодог байх аа?

-Тийм, тийм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудынхаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг нэгтгээд Гүйцэтгэх захирлын баг, Гүйцэтгэх захирал өөрөө хамгийн сайн үзүүлэлттэй уурхайг сонгодог л доо. Үүгээр 2017 оны үзүүлэлтээр Оюу толгой уурхай шалгарсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд тавхан жил болж байгаа залуу хамт олон гэхэд Оюу толгой “Рио Тинто”-гийн хамгийн тэргүүн, шилдэг туршлагуудыг сурч, туршлага хуримтлуулж “Рио Тинто”-гийн хэмжээнд тэргүүлэх хэмжээний аюулгүй ажиллагааны үзүүлэлттэй байгаа нь Оюу толгойн ажилчин, боловсон хүчин ямархуу ур чадвартайг харуулсан том нотолгоо. Үүн дээр нэмж хэлэхэд таван жилийн дотор Оюу толгойн хамт олон дэлхий дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаатай уурхайн нэг болсны зэрэгцээ хүдэр олборлох үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хамгийн үр бүтээлтэйгээр эрхлэн явуулж байгаа.

-Одоо та бүхэн юун дээр анхаарал хандуулж ажиллаж байна вэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна?

-Бидний хувьд одоо дэлхий дээр томоохонд тооцогдох гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Энэ бол маш том, аварга, цогц төсөл байх болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тал талын хүчин чармайлт, оролцоо хэрэгтэй. Тэр дундаа “Рио Тинто”-гийн ноу-хау, шилдэг технологиуд оролцоно. Мөн ханган нийлүүлэгчид, Оюу толгойн ажилтан, ажилчдын ур чадвар, мэдлэг, туршлага бүхэн цогцолж байгаа энэ гүний уурхайг амжилттай бүтээн байгуулж байж тэргүүлэх гүний уурхай болгоно гэж зорьж ажиллаж байна.

Оюу толгой гүний уурхайн төсөл бол хувьцаа эзэмшигч, оролцож байгаа бүх талуудад маш чухал төсөл. Тэр дундаа гүний уурхайн анхны хүдрийг 2020 онд гаргаж авна гэж тооцож байгаа. Тухайн цаг үе бол дэлхий нийтээрээ эрэлт, нийлүүлэлтээс үүдэлтэйгээр зэсийн үнэ нэлээн сэргэх хандлагатай байх юм. Ийм цаг үед давхцаж таарч байгаа.

Дараагийн бас нэг чухал гэж үзэж байгаа шалтгаан юу вэ гэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр өнөөдөр үйлдвэрлэж байгаа металлын хэмжээ гурав дахин, түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдэх тооцоо байгаа. Борлуултын орлого нэмэгдэхээр тэр хэрээр Монгол Улсад төлөх татвар, хураамжийн хэмжээ өснө. Ингэснээр эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр эндээс хувьцаа эзэмшиж буй талууд бүгд үр ашгийг нь адилхан хүртэнэ. Монголын ард түмэн томоохон хэсгийг нь хүртэх нь зайлшгүй.

-Оюу толгойд очиж үзээгүй, уурхайн үйл ажиллагааны талаар төдийлөн мэдээлэлгүй хүмүүст тус уурхайн нэг өдрийг сонирхуулна уу. Мэдээж уурхайн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилдэг?

-Оюу толгойд очих болгондоо хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол манай ажилчид. Маш урам зоригтой, маш аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүсийг харахад таатай байдаг. Ил уурхай дээр очно уу, эсвэл засвар үйлчилгээний хэлтэст очно уу, гүний уурхай руу орно уу аль нь ч ялгаагүй, хаана ч очсон тэнд урам зориг, аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүстэй тааралддаг. Мэдээж уурхайн үйл ажиллагаа цогц, нарийн, олон шат дамжлагатай өрнөж байгаа. Тэнд хүдрээ олборлолтод бэлдэж байна, олборлосон хүдрээ том тэрэгт ачаад тэндээсээ хүдрийн дамжлагуудаар дамжаад баяжуулах үйлдвэр рүү ордог.

Тэндээс баяжуулагдаж, савлагдаад худалдан авагчдад хүргэдэг маш цогц нарийн үе шат дамжлагуудтай. Энэ бүх нарийн ширийн ажлуудыг хийж байгаа хүмүүсийн 94 хувь нь монголчууд. Энэ бол гайхалтай үзүүлэлт. Энэ ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллахад нь хүмүүсийг сургаж дадлагажуулах нь хамгийн чухал. Ямар нэгэн аюул, осолгүйгээр энэ ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Ийм ч учраас Оюу толгойн хамт олон маань Гүйцэтгэх захирлын “Аюулгүй ажиллагаа” шагналыг авахад маш их бахархах сэтгэл төрж байсан.

-Оюу толгой хөдөлж эхэлснээр Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарт уул уурхайн соёл гэж зүйл нэвтэрсэн. Манай уул уурхайн салбарын сахилга бат, аюулгүй ажиллагааг нэг шат ахихад “Рио Тинто”, Оюу толгой нөлөөлсөн гэж хэлж болно?

-Баярлалаа. Бид цаашид ч Монголын үндэсний компаниудад манай аюулгүй ажиллагааны соёлоос суралцахад нь дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Тухайлбал, саяхан бид “Эрдэнэт” үйлдвэртэй аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр хамтарч ажилласан гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон. Энэ хүрээнд бид өөр өөрсдийн тэргүүн туршлагуудыг харилцан солилцох чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна ханган нийлүүлэгч компаниуддаа Оюу толгойгоос сурсан аюулгүй ажиллагааны соёл, туршлагаа үйл ажиллагааныхаа бусад хэсгүүдэд ч нэвтрүүлж ажиллаарай гэж зөвлөж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

-Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр л байна. Эдийн засаг, зах зээл төвлөрч байгаа газар руу тэмүүлдэг нь бичигдээгүй хууль. Харин Өмнөговь аймаг, тус аймагтай хиллэдэг аймгуудын хувьд нийслэлийг бараадах үзэгдэл харьцангуй багассан нь Оюу толгойтой холбоотой гэж тайлбарлаж болох уу?

-Оюу толгой бол Монгол Улсын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд аль алинд нь эерэг нөлөө үзүүлж байгаа ийм уурхай. Бид дотоодын бизнес, дотоодын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд “Монголд үйлдвэрлэв” гэдэг тусгай бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүний үр дүнд олсон амжилтууд гэвэл, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлүүдийг зохих хэмжээгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэгчдээс авч эхлээд байгаа. Орон нутгийн зарим ханган нийлүүлэгчдийг ч үүнд татан оролцуулж байгаа. Ханган нийлүүлэлт худалдан авалтын бодлогын хүрээнд нэг гол анхаарч байгаа чиглэл бол дотоодын компаниудтай ажиллах. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын хэмжээнд зарцуулж байгаа нийт мөнгөний 86 хувь нь дотоодын компаниудад зарцуулагдаж байгаа. Тэр хэрээр дотоодод үлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж байна.

-Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж гэгээ тусч байна. Та сая 2020 оноос Оюу толгойн гүний уурхай олборлолтоо хийж эхлэх тухай дурдлаа. Эрдэс баялгийн салбарт 25 жил ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд Оюу толгойн 10 жилийн дараахь байр байдлыг тодорхойлбол?

-Юуны өмнө нэг зүйл хэлэхэд Оюу толгойн ирээдүй маш их гэгээтэй байна. Яагаад вэ гэвэл дэлхийд томоохонд тооцогдох гүний уурхайг барьж байгуулж байна. Жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж байна. Энэ бүхнийг хийхдээ мэдээж хэрэг Монгол Улсын Засгийн газар, хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан суурь баримт бичгүүдийн үндсэн дээр энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Эдгээр нь уурхайн үйл ажиллагааг явуулах гол үндэс суурь болж байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд хамтдаа Монгол Улсын төлөө, хувь нийлүүлэгчдийн төлөө, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг амжилттай явуулж байна. Мэдээж бид хамтдаа ажилласнаар Оюу толгойн ирээдүй гэрэл гэгээтэй байлгаж, дэлхийн хамгийн шилдэг уурхайг бид бүхэн хамтдаа барьж байгуулж байна гэдгээ нотлон харуулна.

Өнгөрсөн долоо хоногт би Чилийн Сантьяго хотод зэсийн салбарын хамгийн томоохон хурлуудын нэг болох “CESCO”-д оролцож илтгэл тавьсан. Илтгэлдээ Оюу толгойн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж, Монгол Улстай хамтраад уурхайн том бүтээн байгуулалт хийж байгаагаа танилцуулсан. Дэлхий нийт, олон нийт Монгол Улс, “Рио Тинто” хамтран хамгийн том, хамгийн шилдэг ийм уурхайг хэрхэн бүтээн байгуулж байгааг маш ихээр сонирхож, ажиглаж байгаа. Манайхаар ийм нэг үг байдаг юм, “Бид нэг завинд суусан” гэж. Ийм болохоор бид хамтдаа Оюу толгойг бүрэн амжилтад хүргэхийн төлөө гар нийлэн ажиллах ёстой.



Нийтэлсэн огноо2018-04-20