1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

Р.Сэддорж: Хагас зууны түүхтэй ууган уурхайд хүнд үе тохиолдсон ч зогсох эрх байгаагүй www.ikon.mn

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор Монголын уурхайчид арванхоёрдугаар сарын 25-нд “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэх гэж буй. Эдүгээ “Тавантолгой” хэмээх нэрийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ. Эх орны шилжилтийн хүнд жилүүдтэй тулсан тэртээх он цагуудад, зах зээлийн олон үе шатыг ганхалгүй туулж ирсэн “Тавантолгой” компанийн хамт олон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаараа ямагт тэргүүлсээр байна.

Энэ уурхайд дөрвөн үеийн уурхайчид ажиллаж ирсэн түүхтэй. Баялаг түүхтэй орон нутгийн “Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Р.Сэддоржийг MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай The Miner булангийн зочноор урьсан юм. Бидний яриа Тавантолгойн уурхайн амжилт бүтээлээс гадна өнөөдөр тулгарч буй хүндрэл бэрхшээл, яаралтай шийдэх ёстой асуудлуудын талаар илүүтэй хөндлөө.

КАМАЗ, ЗИЛ-130 МАШИНД НҮҮРСЭЭ АЧААД БНХАУ-ЫН БАЯННУУР АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД НИЙЛҮҮЛЖ БАЙСАН
- Орон нутгийн “Тавантолгой” компанийг үргэлж “жижиг” гэсэн тодотгол дагаж явдаг. Уурхайд үе дамжин ажиллаж ирсэн уурхайчид энэ нэрэнд таагүй ханддаг юм билээ. Та ч мөн уурхайгаа ингэж хэлүүлэх дургүй гэдгийг мэднэ. Өмнөговийн унаган хүүхдийн хувиар Тавантолгойгоо өмөөрч явдгийг тань буруутгах хүн гардаггүй байх, тийм үү?

- Энэ нутгийн унаган хүүхэд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн 11 дэх уурхайн дарга,захирлын хувьд би унаган нутаг орныг маань тэжээж тэтгэдэг ууган уурхайгаа янз бүрээр хэлүүлэхгүйн төлөө явдаг. Тавантолгой гэдэг бол Өмнийн говьд байдаг нүүрсний том орд газрын нэг. Ордын анхны эзэд нь манай уурхайн ахмад үеийн уурхайчин хамт олон. Тэртээх 1966 онд Ардын Их Хурлын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш өдгөө 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Тийм ч учраас таны хэлсэнчлэн үе үеийн уурхайчид уурхайгаа “жижиг Тавантолгой” гэж тодотгон хэлүүлэх дургүй.Харин ч баялаг түүхээ магтуулан дуудуулж, “эх Тавантолгой” гэж хэлүүлэхийг хүсдэг. 
1966 оныг хүртэл эндээс гар аргаар олборлолт явуулж, нүүрсээ тэмээгээр зөөдөг байсан. Налайхын уурхайн адил ам руу орж, далд аргаар олборлолт хийдэг байсан гэдэг. Тавантолгойн орд нь бусад уурхайтай харьцуулахад уул техникийн нөхцөл сайтай учраас үр ашигтай ажиллах боломжтой.

Харин хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын хувьд 2009-2010 онд анхлан байгуулагдсан. Тавантолгой ордын ашиглалтын бүх лиценз манай эзэмшилд байсан цаг бий. Өнөөдөр энэ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Манай компани 1994 онд орон нутгийн өмчийн оролцоотой болж, 1995 онд анх Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж эхэлсэн юм. Тэгэхээр яагаад ч жижиг хэмээн тодотгон ярих үндэслэлгүй байгаа биз дээ.

- Орон нутгийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд компанийн хэдэн хувийг Өмнөговийн иргэд эзэмшдэг юм бэ?

- Компанийн хувьцааны 51%-ийг Өмнөговь аймгийн 70 гаруй мянган иргэн, үлдсэн 49%-ийг дэлхийн 23 орны иргэд эзэмшиж байна. Манай Төлөөлөн Удирдах Зөвлөл есөн хүнээс бүрддэг. Тав нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, дөрөв нь 49%-ийг эзэмшиж байгаа талын төлөөллөөс бүрдэж байна.

- Танай компани 2004 онд Монголын нүүрсний компа­ниудаас анх өмнөд хөршид нүүрсээ экспортлож эхэлсэн. Анхны экспортоо хийсэн түүхээс товч хуучилбал?

- Тийм ээ. Тавантолгойн ордын хэмжээнд нүүрсний анхны экспортыг манай компани анх эхлүүлсэн. Тухайн үедээ Оросын Камаз, Зил-130 зэрэг машинд нүүрсээ ачаад Хятадын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн аж ахуйн нэгжүүдэд худалдаж байсан түүхтэй. Тухайн үед уурхайн даргаар Р.Зоригтбаатар захирал ажиллаж, анхны экспортоо эхлүүлснээс хойш 14 жилийг ардаа орхисон байна. Энэ хуга­цаанд Налайх, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гээд өндөр илчлэгтэй нүүрс шаардлагатай газруудад нүүрсээ нийлүүлээд зогсохгүй Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн дулааны станц, айл өрх болон албан байгууллагууд, сумдуудад нүүр­сээ нийлүүлэн дотоодын хэрэг­цээнд борлуулалт хийдэг компани болсон.

- 2017 он танай компанийн хувьд хамгийн өгөөжтэй, үр бүтээлтэй ажилласан жил байлаа. 4.1сая тонн нүүрс олборлон борлуулсан амжилтаараа, мөн улсад төлсөн татвараараа бусад аж ахуйн нэгжүүдээ манлайлсан нь нүүрс экспортлогчдын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлджээ?

- Өнгөрсөн 52 жилийн хугацаанд бид олон олон үе шат, хүндрэл бэрхшээлийг даван туулж өнөөдрийн амжилтад хүрсэн. 2011 оныг хүртэл нүүрсний зах зээлд өсөлттэй явж ирсэн ч 2016 оны эхний хагас хүртэл гадаадын зах зээл дэх нүүрсний борлуулалтад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, уурхайнууд хаалгаа барих хүртлээ хямарч байсан.Энэ үед бидэнд зогсох эрх байгаагүй. Учир нь хагас зууны түүхийг элээсэн ууган компани болохын хувьд аймаг, сумынхаа өвлийн цахилгаан, дулааныг хангах өндөр хариуцлага бидэнд байдаг.

Харин сүүлийн хоёр жилд нүүрсний гадаад зах зээл дээрх үнэ өсөлттэй байж бид бүхний хувьд төдийгүй, хувьцаа эзэмшигчдийн маань хувьд ч таатай нөхцөл байдалтай байлаа. 2017 онд орлогоо 251.4 тэрбум төгрөг буюу 142.4%-иар нэмэгдүүлж 427.9 тэрбум төгрөгт хүргэсэн. Цэвэр ашгийн хувьд 86.9 тэрбум төгрөг буюу 2.6 дахин нэмэгдүүлж 141 тэрбум төгрөгт хүргэж байсан.

2016-2017 он бол санхүү, ашиг орлого, ногдол ашгийн хувьд рекорд тогтоосон он жилүүд байлаа. 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулж, улсын төсөвт 190 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн. Монгол Улсад татвар төлөгч 40 гаруй мянган аж ахуйн нэгжүүдээс бид эхний зургаадугаарт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд хоёрдугаарт орж ашиг, амжилтаараа манлайлж байгаа хамт олноо магтахаас аргагүй.

“Тавантолгой” ХК нь улсад төдийгүй аймаг, сумандаа татвар төвлөрүүлэх онцгой үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртлэх хувийг, Цогтцэций сумын төсвийн 90 хүртэлх хувийг, мөн улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг гэсэн үг.

- Танай компанийн ногдол ашгийн 51% нь шууд аймгийн төсөв рүү ордог. Өнгөрсөн жил хэдэн хувийн ногдол ашиг тараасан юм бэ?

- Өнгөрсөн жил бид 126.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. 126.9 тэрбум төгрөгийн 65 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд аймгийн бүтээн байгуулалтад энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн гэж ойлгож болно. Энэ жилийн тухайд аймагт 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Үүний 65 тэрбум төгрөг нь мөн л манай компанийн уурхайчин хамт олны маань хөдөлмөрийн үр шим.

Өнөөдрийн Өмнөговь аймгийн хөгжил дэвшил, нүүр царай болсон бүтээн байгуулалтууд дийлэнхдээ манай компанийн давамгайлсан оролцоотойгоор хийгдэж байгааг тэмдэглэн хэлье. 2008-2012 онд “Тавантолгой” ХК нь аймгийнхаа иргэн бүрт нутгийн хишиг болгон 500 мянган төгрөг тарааж нутгийн зон олноо баярлуулсан. Энэ нь 24 тэрбум төгрөг бүхий ногдол ашиг бөгөөд ногдол ашгаа ингэж хуваарилсны дүнд аймгийн иргэдийн бүртгэлийн мэдээллийн сан цэгцэрсэн. Бүртгүүлсэн хүмүүстээ ногдол ашиг хуваарилна гэхээр албан ёсоор бүртгүүлээгүй байсан хүмүүс хүртэл бүгд бүртгүүлдэг юм билээ.

2018 оны тавдугаар сард бид Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн жилийн ногдол ашгаа хуваарилсан. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын 2017 оны ногдол ашиг хуваарилалтын 87%-ийг "Тавантолгой" компани дангаараа бүрдүүлсэн байдаг. Нэгж хувьцаанд авч үзвэл 2,410 төгрөг болж байна. Харин бусад компанийн хувьд “Сүү” хувьцаат компани 1%, АПУ компани 7%-ийн ногдол ашиг хуваарилсан гэх мэт үзүүлэлттэй байна. Ингээд бодохоор манай компани Хөрөнгийн бирж дээрх бүх дээд амжилтуудыг тогтоосон байна. Үүний бас нэг тод жишээ нь 2011 онд манай нэгж хувьцаа 1,400.000 төгрөгт хүрч байсан удаатай. Тухайн үедээ бас л өндөр үзүүлэлт. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд компанийн цэвэр ашгаас Өмнөговь аймгийн төсөвт зөвхөн ногдол ашгаар 215 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.

- Ийм гялалзсан амжилтын түүхтэй ч нүүрсээ алдагдалтай үнээр иргэддээ нийлүүлж байгаа гэж сонссон?

- Манай компани дотооддоо 1 тонн нүүрсийг 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Үндсэндээ гурав дахин алдагдалтай үнэ л дээ. Ард иргэдийнхээ амьдралын нөхцөл байдал, эдийн засгийн уналт зэргээс шалтгаалаад нүүрсээ ийм үнээр борлуулахаас аргагүй байдалд байгаа.

- “Тавантолгой” компанийн зардлын менежментдээ түлхүү анхаарч ажилладаг, олборлолтын өртөг багатай компани. Тийм ч учраас өндөр үр ашигтай ажилладаг байх. Цаашид экспортоо нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

- Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд ТЭЗҮ-ийнхээ дагуу олборлолт, экспортоо төлөвлөөд явж байна. Манай компани “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” гэсэн хоёр том компанитай мөнхийн хөрш. Монголд дөрвөн талаараа том уурхайгаар хүрээлэгдсэн анхны тохиолдол нь манай компани юм билээ. Тийм болохоор яалт ч үгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөлт, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлого чиглэлтэй уялдуулж төлөвлөлтөө хийж байгаа. Энэ жилийн ТЭЗҮ-ээр бол 5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан. Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалах зүйл олон бий.

- 2018 онд Тавантолгой ХК-ийн олборлолт, экспортын дүн мэдээний талаар танилцуулна уу?

- 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2 сая тонн нүүрс олборлон борлуулахаар байна. Гадаад болон дотоод зах зээлд нийт дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Коксжих, сул коксжих, коксжих чанаргүй болон эрчим хүчний нүүрсийг экспортлож, дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Төлөвлөгөөний биелэлтийн хувьд 40 орчим хувьтай явж байна. Энэ жилийн хувьд улс төрийн болон бусад гадны хүчин зүйлээс шалтгаалан нэлээд хугацааг борлуулалт хийлгүй алдсан нь дээрх үзүүлэлтэд их нөлөөлсөн. Хэвлэл мэдээлэл дээр гарсан буруу ташаа зарим мэдээллээс шалгаалаад компанийн үйл ажиллагаанд яам, агентлагуудын шалгалт ээлж дарааллан явагдаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байсныг хэлэх нь зүйтэй. Үйл ажиллагаа тогтмол явагдаж байсан бол борлуулалтын хэмжээ хоёр дахин их байх боломжтой байсан.

Нэг үгээр хэлэхэд компанийн алдагдсан боломж нь хоёр сая тонн нүүрс юм. Худалдан авагчид болоод тээвэрлэгч компаниудын хувьд зогсолт хийсэн үед мэдээж бизнесийн байгууллага учраас өөр нийлүүлэгч олох өөр уурхайгаас тээвэрлэлт хийх нь тэдний асуудал. Харин манай компанид тухайн худалдан авагч, тээвэрлэгчдийг дахин олж авах эхлүүлэх гээд нэлээд хүндрэл бэрхшээл тулгарсан. Одоо л гольдролдоо ороод явж байна даа.

ТАВАНТОЛГОЙН ОРДОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА КОМПАНИУД ХАМТДАА ОРЧИН ҮЕИЙН УУЛ УУРХАЙН ЖИШИГ-“ТАВАНТОЛГОЙ” ХОТ БАЙГУУЛАХ ЦАГ НЭГЭНТ БОЛЖЭЭ
- Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг сумынхаа төв рүү нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”-н уурхайн дунд байдаг энэ тосгоны иргэд өнөөдөр маш хүнд нөхцөлд амьдарч байна шүү дээ. Уурхайн тоосжилт хэрээс хэтэрч, тоосны харшилгүй, эрүүл биетэй хүн гэж байхаа больсон гэдэг. Энэ тосгоныг хэзээ нүүлгэх юм бэ?

- Манай компанийн байршиж буй Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв нь 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажилчдын маань, ажиллаж, амьдарч ирсэн тосгон юм. Уурхайн дарга Г.Галбадрах захирлын үед энэ тосгон нүүж ирсэн байдаг. Одоогоор энд 170 өрх айлын мянга гаруй иргэн амьдарч байна. Багийн иргэд ихэнх нь тоосны харшилтай болсон гэдэг гашуун үнэн. Бид аймгийн төв дээр 48 айлын орон сууцыг худалдаж аваад, тэндээ бага насны хүүхэдтэй айл өрхүүдээ нүүлгэн шилжүүлж байна.

Эрдэнэс Тавантолгойн Баруун Цанхийн уурхай отвал багаас ердөө 1.5 километрийн зайд ирсэн нь ингэхээс аргагүйд хүргэж байгаа. “Энержи Ресурс”-ийн отвал ч мөн ойрхон. Уг нь уул уурхайн стандартаар бол хүн ажиллаж амьдарч буй суурьшлын бүсээс хол газар отвалаа байгуулах ёстой байсан ч тэгсэнгүй. Ямар сайндаа л хөдөө талд өссөн, тоосны харшил гэдгийг мэддэггүй байсан би энд ирээд л байнга харшил хөдлөдөг болсон. /инээв/ Энд бол хүн амьдрах нь битгий хэл, бэлчээрийн малын гаралтай хоол хүнс ч хэрэглэх аргагүй болж байна. Малын гэдсийг нээхэд идэхийн аргагүй, нүүрс гарч ирж байна гэж нутгийн иргэд ярьдаг.

Харин манай уурхайн отвал бол багаас арваад километрийн зайд байдаг болохоор тоосжилтын асуудал үүсгэдэггүй. Хамгийн сайхан мэдээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК болон манай компани хоёр хөрш зэргэлдээ уурхайнууд гэдгээрээ түүхэндээ хамгийн найрсагаар хамтран ажиллаж нүүрсний хэмжилтээ хийдэг боллоо.

Өмнө нь бол тэр отвал, бас бус асуудлаас болж байнга муудалцдаг, нэлээд шөргөлцөөнтэй байсан. УУХҮЯ, салбарын сайд энэхүү тоосжилт түүнээс шалтгаалсан нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд онцгой анхааран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд одоогийн байгаа кэмпүүдээ манай компанитай хамтдаа нүүлгэхээр болж, уурхайчдын шинэ хот байгуулахаар хамтран төлөвлөж байна. Энэ асуудалд онцгой анхааран дэмжин ажиллаж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон яамны нийт хамт олондоо уурхайчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

- Цагаан-Овоо багийн шинэ суурьшлийн зураг төслийн ажилдаа та бүхэн орсон гэл үү?

- Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний компаниуд хамтдаа тодорхой шийдлүүд гарган хамтран ажиллаж байна. Цогтцэций сумын баруун хойд хэсэгт буюу засмал зам, дэд бүтэц рүүгээ ойртож, хамгийн гол нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан тоосжилт багатай бүс нутгийг сонгож багийн төвөө нүүлгэн, суурьшуулах төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ мэдээж сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж нийгмийн үйлчилгээгээ авах нөхцөл боломж бүрдэх ёстой. 2019 оны хавраас Өмнөговь аймаг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлнэ.

Өнөөдөр Цогтцэций сумын иргэд ч мөн адил тоосжилтоос болж хүнд нөхцөлд амьдарч байна. Нутгийн иргэдийн нэг чухал хүсэл мөрөөдлийг та бүхэн сайн ойлгоорой. Өмнөговь аймагт баялаг ихтэй Тавантолгой орд байгаа учраас Багануур, Эрдэнэт шиг хот байгуулагдах байх гэсэн хүлээлт манай иргэдэд үргэлж байдаг. Ард иргэдийн хүсээд байгаа амьдрах орчин нөхцөл хангагдахгүй, байгаль орчны доройтол үүсээд байгаа учраас тэд уул уурхайд таагүй ханддаг. Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хамтдаа орчин үеийн уул уурхайн жишиг-“Тавантолгой” хот байгуулах цаг нэгэнт болсон.

- Өмнөговийн гүний усны нөөц хомсдож байгаад орон нутаг санаа зовниж, Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй байх талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор “Орхон говь”, “Хэрлэн говь” төслүүдийг яаралтай хэрэгжүүлж, гадаргын усаа ашиглах саналыг ч хүчтэй илэрхийлж байгаа. Энэ талаар Та юу хэлэх вэ?

- Өмнөговь аймагт усны асуудал хүндхэн болж байна. Манай компанийн ундны усны хэрэглээний гурван худаг бүгд ширгэсэн. Тиймээс газрын гадаргын буюу Орхон, Хэрлэн голын аль нэгийнх нь усыг үерийн түвшинд нь хуримтлуулж байгаад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой. Гүний усаа ашигласаар байвал говь минь цөлжиж, байгаль улам их доройтож магадгүй болоод байна. Хэдхэн жилийн дараа байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдсан, хүн амынх нь эрүүл мэндийн үзүүлэлт хамгийн муу аймгаар Өмнөговь тодорч мэдэхээр юм. Усны дайн Африк биш, Монголд явагддаг болоод байгаа. Энэ бол маш аюултай.

Өмнөговьд 10 гаруй уурхай ажилладаг. Экологийн хувьд хамгийн хүндрэлтэй нь усны асуудал. Нүүрс угаах ус компаниудад хэрэгтэй байгаа ч говийн ус хүрэлцдэггүй. Одоогоор уул уурхайн зарим нэг компани баяжуулах үйлдвэртээ гүний ус ашиглаж байна. Бусад уурхайд усны боломж байхгүйгээс нүүрс угаадаггүй. Хүн мал нь усаар гачигдаж байхад гадаргын усыг ашиглахгүйгээр гүний усыг үйлдвэрлэлийн хэмжээнд маш ихээр хэрэглэнэ гэдэг ойлголтыг манай нутгийн иргэд, компанийн маань хувьцаа эзэмшигчид, үе үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, уурхайчин хамт олон маань эсэргүүцдэг юм.

Тиймээс Монголоосоо гадагшаа урсаад байгаа Хэрлэн голын усны үерийн түвшинг хуримтлуулж байгаад говь руу хоолойгоор татах ажлыг хийх шаардлага байна. Тэр хоолойг дагаад жинхэнэ ногоон хэрэм үүснэ. Энэ талын зохион байгуулалтын бүх ажлыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанид өгөөд усны хоолой татах, авто зам, төмөр зам, цахилгаан станц барих гэх мэт эрхүүдийг нь олгох хэрэгтэй гэж боддог. Асар их нүүрсний нөөцтэй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” шиг боломжтой компани Монголд байхгүй. Ийм компанидаа эрхийг нь өгч ажил эхлүүлбэл манай эдийн засагт маш их үр өгөөжтэй. Гадаргын ус гэдэг бол үерийн ус. Энэ зун зуншлага сайн бороо хур их орж үерийн усны түвшин ихээр нэмэгдсэн. Үүнийг хуримтлуулж, говь руу урсгах тухай яриад байгаа шүү дээ.

Өөр нэг баяжуулалт бол кокс химийн үйлдвэрүүдийг говь нутагт хөгжүүлэх ёстой. Манайх Монголдоо хамгийн том кокс химийн үйлдвэр болох “ИНК” компанийн кокс химийн үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа. Тавантолгой орд газраас хамгийн ойрхон нь Өвөр Монголын Хатан гол. Хатан голын сав газарт буюу Монголын хилээс 140 орчим км газарт нүүрс угаах үйлдвэрүүд ихээр баригдаж байна.

- Улаанбаатар хотын саарал усыг говийн уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах төсөл бас яригдаж байгаа. Энэ төслийг говийн нүүрсний компаниуд хэр дэмжиж байна вэ?

- Манай Засгийн газрын олон жил ярьж байгаа Улаанбаатар хотын саарал усыг говь нутагт ирүүлбэл тун сайн байна. Энэ усаар нүүрсээ угаана. Ус татах эрхийг манай гурван уурхай болон Оюутолгойд өгч болно шүү дээ. Харин төр судалгааг нь сайн хийгээд өгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын саарал усыг нааш нь хос хоолойгоор татах нь зүйтэй. Нэг нь саарал усны, нөгөө нь үерийн усны хоолой байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал нөгөө жинхэнэ “Ногоон хэрэм” гэдэг нь энэ хоолойн дагуу үүсэх боломжтой. 15 км тутамд мал услах цоргууд гаргаад өгөх хэрэгтэй. Миний хувьд энэ төслийг нэлээд нухацтай судалж байна.

- Гашуунсухайт боомтын чиглэлд хос авто зам тавих эрхийг нүүрс экспортлогчдод өгөх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа хүмүүсийн нэг нь Та гэж сонслоо. Ийм боломж бий юу?

- Олон хүний амь насыг авч одож байгаа Гашуунсухайтын авто замыг хос болгох ажлыг мэдээж бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ замыг хурдан барьж ашиглалтад оруулъя гэвэл барих эрхийг нь нүүрс экспортлогч компаниудад өгөх нь зөв шийдэл болно. Бид маш чанартай хүнд даацын замыг тавьж чадна. Ядаж “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ эрхийг нь өг л дөө. Төрийн өмчит компани хамгийн муу нь гэсэн ойлголт буруу. Нүүрс тээврийн зам барих ажлыг бартерийн гэрээ байгуулаад шийдчихэж болмоор санагддаг. Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам баригдсан ч хажуугаар нь хос замаараа тээвэрлэлтээ явуулаад байх боломжтой. Нэг машинд гурван айлын амьдрал явж байдаг. Одоо байгаа Гашуунсухайтын авто замыг хоосон машин явдаг зам болгоод түүнтэй зэрэгцээ Гашуунсухайтаас эхлэлтэй хүнд даацын зам барихад л эхний ээлжинд хангалттай.

- Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэдэг байр сууриа Та мөн илэрхийлж байсан. “Оюутолгой” компанийн хувьд 450 МВт хүчин чадалтай энэхүү станцыг дэргэдээ хоёрхон жилийн дотор барина гэдэгтэй итгэлтэй байна. Станц баригдахгүй байгаагийн шалтгааныг Та юу гэж харж байна вэ?

- Аймгийн үе үеийн бодлого бол цахилгаан станц баригдаасай гэдэг дээр төвлөрч байдаг. Манай гурван уурхайн хувьд эрчим хүчний нүүрсний нөөц хангалттай байна шүү дээ. Хамгийн хямдаар авч маш хямд цахилгаан үйлдвэрлэх боломж бий. Станц яагаад баригдахгүй байгаа юм бол гэдгийг сэтгүүлчид та нараас л асуумаар байна.

- “Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажил хийдэг. Говьд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөсөн гэсэн. Энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

- Говьд ирвэс, зээр, аргаль, янгир зэрэг зэрлэг ан амьтад усгүйгээс хатаж, харангадаж үхэж байна. Манай компани Өмнөговь аймгийн хилийн бүс, Номгон, Баян-Овоо, Цогтцэций суман дахь аргаль, янгир, зээр гөрөөсийг хатаж үхэх аюулаас хамгаалахаар ажиллаж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Даланзадгадын айл өрхүүдийн нүүрсийг 100 км газар тээвэрлэж хүргэж өгдөг. Нэг тонныг нь тээврийн зардалтайгаа нийлээд 22 мянган төгрөгөөр Даланзадгадын айл өрхүүдэд өгдөг нь хаана ч байхгүй хямд үнэ юм. Энэ мэт аймаг орон нутаг иргэдээ дэмжсэн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг харахгүй хийдэг дээ. Манай нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлангаас харж болно.

- Цаг гарган ярилцсан Танд баярлалаа



Нийтэлсэн огноо2019-02-11