Vale: Давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмрийн хүдэр нийлүүлэх зарим гэрээг биелүүлэх боломжгүй болсон www.bloombergtv.mn
“Vale” компанийн төмрийн хүдрийн томоохон уурхайнуудын нэг болох “Brucutu”-ийн далангийн тусгай зөвшөөрлийг Бразилын хууль хяналтынхан цуцалсан байна.
Үүний дараа “Vale”-ийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар уналаа. Бразилын шүүх “Brucutu” уурхайн үйл ажиллагааны зарим хэсгийг зогсоосноор төмрийн хүдрийн жилийн гарц нь 30 сая тонноор буурна гэж тус компани тооцоолж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Vale” компани мэдэгдэлдээ "Давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмрийн хүдэр нийлүүлэх зарим гэрээг биелүүлэх боломжгүй болсон"-ыг зарлалаа.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 25-нд “Vale” компанийн Брумадинхо хотын ойролцоо байрлах "Corrego Do Feijao" төмрийн хүдрийн уурхайн далан сэтэрсний улмаас амиа алдсан хүний тоо 150 болоод байна. Ослын дараа “Vale” компани 2019 оны төмрийн хүдрийн гарцын төлөвөө 40 сая тонноор танасан юм. Мөн нэгдүгээр сарын 25-наас хойш “Vale”-ийн хувьцааны ханш 23 хувиар буураад байна.
Харин төмрийн хүдрийн салбарын гол өрсөлдөгчид болох “Rio Tinto”-ийн хувьцаа Австралид 14 орчим хувиар, “Fortescue Metals”-ийнх 30 орчим хувиар өсжээ.
Нийтэлсэн огноо2019-02-11