Газрын тос боловсруулах үйлдвэрийн Аи-95 бензин 1445, дизель 1372 төгрөг байх тооцоо гарчээ www.eagle.mn
УИХ өчигдөр Засгийн газраас өргөн барьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий инженер Д.Алтанцэцэг "Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах онцгой төвөгшилтэй, иж бүрэн үйлдвэр барьж байгуулж байгаа тул олон тооны гадаадын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох тооцоо бий. Бүтээн байгуулалтын эхний ажилд хамгийн багадаа 150 ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн иргэдийг ажиллуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж. БНЭУ-аас 30 гаруй мэргэжилтэн ирнэ. Урьдчилсан тооцоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим инженер, техникийн болон туслах ажилчид ажиллана" гэсэн мэдээллийг өглөө.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр зөвхөн үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх бол үйлдвэрийн гаднах дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хэрзгжүүлэгч компанийн үйл ажиллагаа нь Хөгжлийн банкнаас авсан 150 сая ам.долларын зээлээр санхүүжиж байгаа аж. Түүнчлэн түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 350-500 сая ам.доллар зарцуулахаар, нийтдээ хоёр тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардагдана гэсэн тооцоо гарчээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнэ нь нэг литр Аи-95 бензин 1445, дизель 1372 төгрөг, онгоцны түлш 1488 төгрөг байх тооцоолол гаргасан байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноос хойш хөрөнгө оруулалтын нийт зардлаа есөн жилд нөхнө гэдгийг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий инженер Д.Алтанцэцэг хэллээ.
Нийтэлсэн огноо2021-01-24