Цагаан сарын идээ, ундааны үнэ 30-40 хувиар нэмэгджээ www.eagle.mn
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 02-нд тохионо. Цар тахлын улмаас энэ жил цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөхийг Засгийн газраас зөвлөж буй. Монголчууд цагаан сараа элбэг дэлбэг угтахыг хүсдэг учир дор бүрнээ бэлтгэлээ базаадаг.
Бид Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд гарч буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаанаас үнэ ханшийн талаар сурвалжиллаа. Энд Өндөр-Улаан, Их тамир, Чулуут, Жаргалант, Хангай, Тариат зэрэг сумдаас ирсэн малчид цагаан идээ, дээл, бөс бараагаа борлуулж байна. Ааруул, цагаан идээний хувьд хэлбэр дүрс, чихэртэй ,чихэргүйгээс шалтгаалаад үнэ харилцан адилгүй. Тухайлбал, Хангай сумын ааруулын үнэ 25000-28000 төгрөг, аарц нэг кг нь 5000 төгрөг, чацаргана, нэрс, аньсны өтгөрүүлсэн шүүс 6000-8000 төгрөгийн үнэтэй байв. Тавгийн идээний хувьд хэвийн боов нэг ширхэг нь 3000-3500 төгрөг, харин гүрмэл боов 4000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.
Цагаан сарын идээ, ундааны үнэ 30-40 хувиар нэмэгджээ
Архангай аймгийн Хангай сумын малчин Н.Бямбасүрэн "Өөрийн сумын цагаан идээгээ худалдаалахаар ирсэн. Энэ жилийн өвөл их сайхан дулаахан болж байна. Иргэд ам сайтай ихээр үйлчлүүлж байгаа. Цагаан идээний үнийн хувьд бусад газруудаас харьцангуй хямд худалдаалж байна. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх ч гэсэн дархлаагаа дэмжих аарц, жимсээ аваарай"
Архангай аймгийн иргэн Б.Батболд "Өчигдөр шөнө хотод орж ирлээ. Иргэдийн худалдан авалт сайн байна. Ууцны цар үнийн хувьд боломжийн тул иргэд ихээр авч байна"
Дээлний үнэ 150-250 мянган төгрөг, авдар хэмжээнээсээ хамаараад 60-450 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл иргэдийн хамгийн ихээр худалдан авж буй ууцны цар чимэглэл, хэмжээнээсээ хамаараад 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй байлаа.
БГД-ийн 11 дүгээр хорооны иргэн С.Лхамрагчаа "Үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн. Цагаан идээний үнэ нэмэгдсэн байна. Жил бүр л цагаан идээний үнэ нь нэмэгддэг. Гэхдээ орц найрлага нь хэвээрээ байдаг. Мөн тавгийн идээний үнэ нэмэгдсэн санагдлаа. Манайх гурван үеэр идээгээ засдаг. Өнгөрсөн жил ааруул хэвийн боов, еэвэн авахад 50-60 мянган төгрөгийн өртөгтэй болж байсан. Энэ жил 80 мянган төгрөг боллоо. Одоо тэгээд бусад хэрэгтэй хүнсээ цуглуулна. Бидэнд ийм өндөр өртөгтэй тусаж байхад ахмадуудын тэтгэвэр хүрэлцэхгүй байх нь ойлгомжтой
Өндөр-Улаан сумын цагаан идээний үнэ:
Ааруул 20000-25000 төгрөг
Өрөм 22000-25000 төгрөг
Ээзгий 11000 төгрөг
Цахир сумын цагаан идээний үнэ:
Ааруул 20000-25000 төгрөг
Аарц 4000-6000 төгрөг
Шар тос 30000 төгрөг
Цагаан ааруул 25000 төгрөг
Тариат сумын цагаан идээний үнэ:
Сүүн ааруул 28000 төгрөг
Аарц нэг кг нь 5000 төгрөг
Тогооны өрөм 20000 төгрөг
Шар тос 28000 төгрөг
Чулуут сумын жимсний шүүс:
Чацаргана нэг литр12000 төгрөг
Үхрийн нүд нэг литр 18000 төгрөг
Үхрийн нүд чанамал 10000 төгрөг
Нийтэлсэн огноо2022-01-23