Дөрвөн улсын 39 иргэнийг Монголоос албадан гаргалаа www.eagle.mn
Гадаадын иргэн, харьяатын газраас дөрвөн улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, Узбекстаны 2, Тайландын нэг иргэн байна.
Эдгээр гадаадын иргэдийн 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 3 иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн.
Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна.
Нийтэлсэн огноо2025-05-28