Л.Гантөмөр: Цаашид хамтрал гэж байхгүй, АН засгаас гарна www.eagle.mn
МАН-ын Бага хурлаас АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжсэнгүй.
Харин сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд огцрох бус Үндсэн хуульд заасны дагуу өөрт нь итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар Засгийн газрын гишүүд 100 хувийн саналаар тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг дэмжжээ. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь сонслоо.
Тэрээр "Цаашид хамтрал байхгүй. Үүн дээр эргэлзээд хэрэггүй. Бүгд эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Дараагийн Засгийн газар байгуулагдахад АН Засгийн газраас гарна. Үүнд санаа зовох хэрэггүй.
Ерөнхий сайд биднийг Засгийн газраас гаргах, эсвэл бид өргөдлөө өгөх л асуудал бий. Үүнийгээ Ерөнхий сайдтай ярьж байгаа. Ерөнхий сайд бидний өргөдлийг авахгүй, Засгийн газраас гаргахгүй, өөрийнхөө асуудлыг УИХ-д тавина гээд байгаа юм. УИХ-д оруулах эсэхээр нь Засгийн газрын хуралдаан дээр санал солилцсон. УИХ дээр орж ирэхээр нь яаж хандахыг бүлгийнхээ хурлаар ярилцана. Нэгдсэн байр суурьтай байж олонхийн шийдвэрээ дагах хэрэгтэй" гэв.
Нийтэлсэн огноо2025-05-28