Төсөл: Жилийн 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол НӨАТ-ыг хялбаршуулсан горимоор тайлагнадаг болно www.itoim.mn
Засгийн газар намрын чуулган хаахаас өмнө татварын багц хуулийн төслийг өргөн барилаа. Багц хуулийн хүрээнд нийт дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь өргөн барьсан. Үүнд, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Ирэх саруудад эдгээр хуулийн төслүүдийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэрвээ УИХ хаврын чуулганаар татварын багц хуулийг баталбал 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.
Эхний ээлжинд НӨАТ-ын тухай хуульд ямар нэмэл, өөрчлөлт оруулахаар тусгасныг тоймлон хүргэж байна.
НӨАТ тооцохдоо
Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчөөс худалдан авсан ажил, үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэсэн тохиолдолд төлбөр тооцооны баримт, ажил, үйлчилгээний гэрээг үндэслэн тухайн ажил, үйлчилгээнд төлсөн албан татвараас суутгана.”
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, ажилтны хангамжид зориулж худалдан авалтад төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон өмнөх үргэлжилсэн 12 сарын цалингийн зардлын сарын дундаж дүнгийн 15 хувиас хэтрэхгүй байхаар хасаж тооцно.
Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтын дүнгээс хамгийн багадаа 1 хувиар албан татвар төлнө.
Албан татвар төлөх хугацааны хөнгөлөлт
161.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг нэг сарын хугацаанд хойшлуулан татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлнэ.
161.2.Энэ зүйлийн 161.1-д заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч тухайн сард хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулна.
161.3.Хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татвар төлөх хугацааг нэг сарын хугацаагаар хойшлуулна.
161.4.Энэ зүйлийн 161.3-т заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татварын хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулж болно. Хойшлуулан төлөх татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.
161.5.Энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй, хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол татвар төлөх хугацаа хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр үүссэнд тооцно.
161.6.Энэ зүйлийн 161.5-д заасны дагуу татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тухайн татвар суутган төлөгч нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасан хүсэлт гаргахгүй бөгөөд энэ зүйлийн 161.5-д заасан зөрчил арилсан тохиолдолд дахин 161.1-д заасан хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргаж болно.
161.7.Энэ зүйлд заасан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба болон гаалийн байгууллага хүсэлт ирүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
161.8.Энэ зүйлд заасны дагуу хойшлуулсан хугацаанд татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж өр хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
Тайлбар: “Ижил төрлийн бараа” гэж Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан орны түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.”
Татварын хялбаршуулсан горим
171.1.Дараалсан 12 сарын хугацаанд 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, эсхүл шинээр үүсгэн байгуулагдсан, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлдэггүй татвар суутган төлөгч өөрийн хүсэлтээр татварын хялбаршуулсан горимд хамрагдаж болно.
171.2.Татвар суутган төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээ нь татварын жилийн дундуур 400 сая төгрөгт хүрсэн тохиолдолд татварын хялбаршуулсан горимын бүртгэлээс хасаж, дараагийн сараас энэ хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу татвараа тайлагнаж төлнө.
171.3.Энэ зүйлийн 171.2-т заасны дагуу татварын хялбаршуулсан горимоос хасагдсан татвар суутган төлөгч дараагийн 12 сарын хугацаанд хялбаршуулсан горимд бүртгүүлэх хүсэлт гаргахгүй.
171.4.Санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй хөрөнгийн болон татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг энэ зүйлийн 171.1-д заасан борлуулалтын орлогод тооцохгүй.
171.5.Хялбаршуулсан горимд хамрагдсан татвар суутган төлөгчийн тухайн улиралд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний дүнгийн 90 хувьтай тэнцэх хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаар тооцон төлбөл зохих татварыг тодорхойлж, тухайн улирлын татварын тайланг дараагийн сарын 20-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар тушаана.
171.6.Хялбаршуулсан горимд хамрагдах татвар суутган төлөгч этгээд энэ зүйлийн 171.5-д заасны дагуу тодорхойлж тайлагнасан татварыг тухайн улирлын дараа сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө.”
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “төрлийн” гэсний дараа “эд” гэж,12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын “үйлчилсэн үйлчилгээ” гэсний дараа “нисэх буудлаас үзүүлэх зорчигч үйлчилгээ, зорчигчийн аюулгүй байдлын хураамж” гэж, 13 дугаар зүйлийн 13.5.10 дахь заалтын “мэндийн” гэсний дараа “тусламж” гэж, 13.5.13 дахь заалтын “заасан” гэсний дараа “такси үйлчилгээнээс бусад” гэж тус тус нэмсүгэй.
Түүнчлэн, Монгол Улсад оршин суугч харилцан хамааралгүй этгээдээс төлбөрийн баримтгүй худалдан авсан барааны төлбөрийг бэлэн бусаар хийсэн тохиолдолд бараа борлуулсан этгээдийн мэдээллийг агуулсан төлбөрийн баримтыг тухайн албан татвар суутган төлөгч өөрөө үүсгэж, төлбөрийн үнийн дүнд 10 хувиар албан татвар шингээн төлсөн гэж үзэн хасаж тооцохыг тус тус тусгажээ.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-01-02





