Э.Өгөөмөр: Үндсэн шугамуудаа газар доорх туннелийн системд оруулчихвал ус тасалж, газар ухах шаардлагагүй болно www.itoim.mn
"Дунд мандал" ХК-ийн захирал Э.Өгөөмөртэй ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хотын цэвэр ус, дулаан хангамжийн салбарын онцлог, салбарын ажилчдын хөдөлмөр, усны үнэ цэн, хэрэглэгчдийн оролцооны ач холбогдлын талаар хуваалцсан юм.
-Бидний өдөр тутмын амьдралд усыг бэлэн байлгахын тулд цаана нь ямар үйл ажиллагаанууд явагддаг бол. Энэ үнэ цэн бүтэхийн тулд цаана нь юу болдог нь их сонирхолтой санагдаж байна, та тайлбарлаж өгнө үү?
-Монголчууд бид эртнээс усаа дээдэлж, үнэ цэнтэйд тооцон чандмань эрдэнэ гэж хүндэтгэж ирсэн ард түмэн. Ус бол хүний амьдралын хамгийн анхдагч хэрэгцээний нэг. Гэхдээ бид өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг хэр нь хамгийн бага анзаардаг зүйл ус байдаг. Жишээ нь, гэртээ ирээд л крантаа нээхэд халуун, хүйтэн цэвэр ус шууд гардаг. Бидэнд энгийн мэт санагддаг энэ зүйлийн цаана маш олон хүний хүч хөдөлмөр, тасралтгүй ажиллагаа байдаг юм. Иргэдийг усаар хангахын тулд орон сууцны конторын ажилчид байнгын бэлэн байдалд ажиллаж, инженер техникийн болон бусад мэргэжлийн хүмүүс өдөр шөнөгүй үүргээ гүйцэтгэж байдаг. Тиймээс усны салбар бол үнэхээр чухал, нийгмийн амьдралын салшгүй хэсэг юм. Бид хэрэглэж буй усаа илүү их үнэлж, хайрлаж, хэмнэх нь чухал.
-Ус заримдаа зэвтэй гардаг. Үүний шалтгаан юу вэ?
-Зэвтэй ус гарахад нөлөөлөх олон хүчин зүйл бий. Тухайлбал, бидний ашиглаж байгаа шугам хоолой, тоног төхөөрөмжөөс шалтгаалж зэв үүсэх тохиолдол байдаг. Ялангуяа хуучин ган хоолой зэвэрч, усанд өнгө оруулах нь бий. Өнөөдөр Улаанбаатар хотод барилгажилт эрчимтэй явагдаж байна. Тиймээс барилга угсралтын ажилд заавал стандартын, ундны усанд зориулалтын шугам хоолой ашиглах шаардлагатай. Мөн эрчим хүч тасалдах үед шугам хоолой дотор явж байсан усны даралт унаж, дотор нь агаар ордог. Ус, агаар холилдохоор зэв үүсэх нөхцөл бүрддэг.
Нийслэлийн газар доогуур тавигдсан үндсэн магистрал шугамуудын насжилт ч мөн дуусах шатандаа орж байна. Ер нь хүний гараар бүтсэн зүйл бүхэн мөнх биш учраас шугам хоолойг байнга засварлаж, шинэчилж, арчилж байх шаардлагатай байдаг. Ус сувгийн байгууллагынхан ч магистрал шугамуудаа шинэчлэх, ган хоолойн дотор талд хуванцар хоолой оруулах зэрэг сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд бүх түвшиндээ анхаарч, ажиллаж байгаа.
-Зарим айлын крантны ус зэвтэй, зарим нь цэвэрхэн гараад байдаг. Тухайн барилгыг барьж байгаа компанитай холбоотой гэсэн үг үү?
-Үүнийг 100 хувь барилгын компаниудыг буруутгаж чиглүүлэх нь учир дутагдалтай. Ус сувгийн өөрийнх нь үндсэн магистрал том шугамууд гэж бий, эдгээр нь олон жилийн насжилттай. Тэр магистрал шугамаас салаалаад орон сууцны хотхонууд усаа авч хэрэглэдэг. Өнөөдөр нийслэлийн газар доогуур тавьсан зарим үндсэн магистрал шугамын насжилт дуусах шатандаа орсон.
Харин сүүлийн үеийн барилгуудын хувьд нэлээд сайжирч байгаа. Олон улсын ундны усны стандартад нийцсэн хуванцар хоолойгоор шугамаа тавьж, угсралтаа хийж байна. Мөн зарим шинэ барилгууд ус, дулаан дамжуулах төвийнхөө доор ус цэвэршүүлэх, ариутгах томоохон тоног төхөөрөмж суурилуулж эхэлсэн сайн жишээ ч олон бий. Ер нь энэ асуудлыг нэг талаас нь биш, цогцоор нь харах хэрэгтэй. Манай ус хангамжийн систем байрандаа зогсчихоогүй, урагшилж, үе шаттайгаар сайжирч, хөгжөөд явж байна.
-Олон хүний гайхдаг зүйл бол жил болгоны зун ус тасардаг. Үүний үндсэн шалтгаан нь юу байдаг вэ?
-Монгол Улс эрс тэс уур амьсгалтай орон. Өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг, зундаа +35 хэм хүрч халдаг. Манай ус, дулааны үндсэн шугам хоолойнууд газар доогуур байрладаг учраас засвар, шинэчлэлийн ажлыг ихэвчлэн дулааны улиралд хийдэг. Зун болохоор л газар ухлаа, ус тасаллаа гэж иргэд ярьдаг. Гэхдээ яг үнэндээ энэ богинохон зуны хугацаанд л шугам хоолойгоо засаж, солих шаардлагатай болдог. Монгол Улс бүх шугам сүлжээгээ нэг дор 100 хувь шинэчлэх эдийн засгийн боломжгүй. Тиймээс шугам хоолойн насжилт, эвдрэх магадлал, цоорох эрсдэлийг нь тооцоолж байгаад хамгийн шаардлагатай хэсгүүдийг нь эхэлж сольж, засварладаг.
Засварын ажлыг хийхэд зөвхөн нэг байгууллага ажилладаггүй. Газар шорооны ажил хийнэ, техник хэрэгсэл орно, олон хүн ажиллана. Энэ үед Ус хангамж, ариутгах татуургын газар, Улаанбаатар дулааны сүлжээ, нийслэлийн байгууллагууд хамтарч ажилладаг. Хэрэв зам доогуур ухах шаардлагатай бол Авто замын газар оролцоно. Мөн цахилгаан, холбооны кабель шугамтай давхцаж байвал холбогдох байгууллагуудтай нь зөвшилцөж байж ажлаа хийдэг.
Эдгээр ажлыг жил бүрийн тодорхой графикийн дагуу, есдүгээр сарын 15-наас халаалт өгч эхлэхээс өмнө амжуулж дуусгахыг зорьдог. Ингэж байж өвлийн хүйтэнд иргэдийг тасралтгүй ус, дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Дулаан уур амьсгалтай, жилийн турш засвар хийх боломжтой орнуудтай харьцуулахад манайх ажил хийх хугацаа маш богино. Тиймээс энэ богино хугацаанд аль болох их ажил амжуулахын төлөө бүх байгууллага төлөвлөгөө, графикийн дагуу ажилладаг юм.
-Ус тасалж хийгддэг ажлыг хоёр жилд нэг удаа ч юм уу, хугацааг нь хол болгох боломжтой юу?
-Шугам сүлжээний насжилтыг урт байлгах, хэвийн ажиллагааг хангахад хэрэглэгчдийн оролцоо бас маш чухал. Юуны өмнө хүмүүс хэрэглээнийхээ төлбөрийг цаг тухайд нь төлөх хэрэгтэй. Бид гар утасныхаа төлбөрийг хугацаанд нь төлдөг, төлөхгүй бол хэрэглээ шууд хаагддаг. Гэтэл ашигласан цэвэр ус, дулааныхаа төлбөрийг заримдаа хугацаанд нь төлөхгүй байх тохиолдол бий. Гэтэл төвлөрсөн систем гэдэг чинь бүх зүйл нь хоорондоо уялдаатай, нэг нь доголдоход нөгөөдөө нөлөөлдөг систем. Үүн дээр нэмээд хэлэхэд, Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдийн усны тариф харьцангуй бага, жишээ нь 1 литр ус ойролцоогоор 1 төгрөг 30 мөнгө байдаг.
Сүүлийн үед инженерийн шугам сүлжээг туннелийн системд оруулах тухай яригдаж байна. Гэхдээ Улаанбаатар хотын хувьд барилгажилт маш шигүү явагдсан учраас үндсэн шугам сүлжээг туннелийн системд бүрэн оруулах нөхцөл нэлээд хүндрэлтэй. Хэрэв үндсэн шугамуудаа газар доорх туннелийн системд оруулчихвал засвар үйлчилгээ хийх, шугам сэлбэх үед заавал газар ухах шаардлагагүй болох давуу талтай.
-Тарифын ялгааны талаар хэлж өгнө үү?
-Монгол Улсын хэмжээнд цэвэр ус, дулааны тарифууд хоорондоо харьцангуй ялгаатай байдаг. Ялангуяа нийслэлд, орон сууцанд амьдарч байгаа хүмүүс харьцангуй хямд өртгөөр ус, дулаанаа хэрэглэж байна. Дэлхийн бусад хотуудын жишгийг харахад нийслэл, төв рүүгээ төвлөрөх тусам үйлчилгээний өртөг өндөр болдог.
Харин манайд эсрэгээрээ, гэр хороололд амьдарч байгаа иргэд зөөврөөр худгаас авч хэрэглэж байгаа ус нь орон сууцны хэрэглээнээс илүү өндөр өртөгтэй тусдаг. Мөн сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд илүү өндөр зардлаар дулаацаж байна. Жишээлбэл, орон сууцны халаалтын төлбөр нэг метр квадрат нь ойролцоогоор 506 төгрөг байдаг бол хөдөө орон нутагт халаалт, цэвэр усны зардал үүнээс хэд дахин өндөр байдаг. Усны үнэ манайд харьцангуй бага байгаа нь нэг талаар иргэдэд хямд тусдаг ч нөгөө талаар салбарын санхүүжилт, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилд нөлөөлдөг.
-Энэ салбарт ажиллаж байгаа хүний нөөц хэр байгаа вэ. Энэ мэргэжлээр мэргэшиж байгаа хүмүүс хэр их вэ?
-Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг үнэхээр сэтгэлтэй, хариуцлагатай хүмүүс гэж ам бардам хэлнэ. Хүний хамгийн анхдагч хэрэгцээг хангаж, иргэдийг тав тухтай амьдруулахын төлөө салбарын ажилчид өдөр тутамдаа хичээн ажиллаж байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хэрэглэгчийн тариф харьцангуй бага учраас энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин төдийлөн өндөр биш. Үүнээс шалтгаалаад хүний нөөцийн хомсдол үүсэж, жилээс жилд боловсон хүчний асуудал хүндрэх хандлагатай байна.
Энэ асуудлыг шийдэхийн тулд техник, технологийн дэвшилтэй уялдуулж сайжруулах алхмуудыг хийж байна. Жишээлбэл, орон сууцны конторын машинист буюу ус, дулааны хяналтын зарим ажлыг технологийн шийдлээр автоматжуулах боломжтой болсон. Харин засварчид, сантехникийн слесарь, цахилгааны болон бохирын засварчдыг технологиор бүрэн орлуулах боломжгүй юм.
-Энэ салбарт гарч ирдэг сорилтууд юу байна. Тэдгээрийг яаж даван туулдаг вэ?
-Хувийн орон сууцны конторуудыг удирдаж байгаа захирлуудын дунд би харьцангуй залуу нь. Удирдлагын түвшинд 30, 40 жил ажилласан туршлагатай хүмүүс олон бий. Тэд олон асуудал, бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн энэ түвшинд салбараа авчирсан. Би үүний залгамж халаа нь байх ёстой, мөн тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж боддог. Сайхан сэтгэлтэй салбарынхаа хамт олныг бусдад таниулах, тэднийг мэргэжлээрээ бахархаж, итгэлтэйгээр хэлж чаддаг болгохыг хүсэж байна.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ. Өнөөдрийг хүртэл энэ салбарт ажиллахад юу нөлөөлж байна вэ?
-Би системийн инженер мэргэжилтэй хүн. Инженер хүн ер нь өөрийн хийж бүтээсэн зүйлдээ хайртай байдаг шүү дээ. Тэр утгаараа ус, дулаан дамжуулах төвийг хүний биеэр зүйрлэвэл гол зүрх нь гэсэн үг. Үүнгүй бол барилгууд зүгээр л цементэн ширэнгэ болно. Байшин барилга байгууламжийг амьтай байлгах, урт удаан насжилттай ашиглах, дотор нь амьдарч байгаа хүмүүсийг ая тухтай амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ салбарыг сонгож орж ирсэн. Одоо ч энэ салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг.
-Та мэргэжлийн хүний зүгээс хэрэглэгчдэд нэг уриалга хэлбэл юу гэж хэлэх вэ?
-Нэгнээ хайрлаж сураасай гэж хэлмээр байна. Хүн бусдыг хайрлах нь хамгийн том үнэ цэнэтэй зүйл. Жишээ нь, танай гэрт засварчин ирээд ус, дулааны үйлчилгээ үзүүлэхэд нь “баярлалаа” гэж хэлбэл тэр засварчинд их урам болно. Оршин суугчдаас сайхан сэтгэгдэл, эерэг үг сонссон хүн эрч хүч, урам авч ажилладаг. Тиймээс хүн нэг нэгэндээ хайртай байж, баярлалаа гэж хэлэн, урам өгч байгаасай гэж хүсэж байна. Жижигхэн энгийн үг, үйлдэл ч хүний сэтгэлийг дүүргэж, ажиллах эрч хүчийг нэмдэг юм шүү.
-Ярилцсанд баярлалаа. Өнөөдрийг хүртэл иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн хэрэгтэй зүйлсийг тасралтгүй хангаж ирсэн та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-03-29





