Бүтээн байгуулалтын ид улирал эхэлсэн ч хөрөнгө оруулалтын гүйцэтгэл сул байна www.itoim.mn
Хаврын урин цаг ирэхтэй зэрэгцэн улсын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил эрчимждэг. Ялангуяа дөрөвдүгээр сар бол улсын хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төслүүдийн бэлтгэл хангагдаж, газар дээрх бодит ажил эхлэхийн өмнөх хамгийн чухал үе шат. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам гүүр, инженерийн дэд бүтэц, дулаан хангамж зэрэг чиглэлээр нийт 738 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслийн 442 нь өмнөх онуудаас шилжсэн бол 296 нь шинээр хэрэгжих төсөл. Гэвч өнөөдрийн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 15.7 хувьтай үргэлжилж байна.
Бүсчилсэн гүйцэтгэлийг авч үзвэл Зүүн бүсэд 21.4 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол Говийн бүс таван хувийн гүйцэтгэлтэй хамгийн доогуур түвшинд байна. Санхүүжилтийн хувьд одоогийн байдлаар өмнөх оноос үргэлжлэн хэрэгжиж буй төслүүдэд голчлон олгогдож байгаа бөгөөд шинээр хэрэгжих төслүүдэд хараахан олгогдоогүй. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 15 хувьтай буюу нийт 515 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна.
Энэ онд шинээр 296 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт санхүүжилт нь 1.3 их наяд төгрөг. Тендерийн явц хангалтгүй буюу 20 гаруй хувьтай үргэлжилж, 10 хувьд нь тендер огт зарлаагүй байна. Хэрэв энэ хурдаар үргэлжилбэл бүтээн байгуулалтын ид улирал богино хугацаанд ашиглагдахгүй өнгөрөх, улмаар зарим төсөл дараа он руу шилжих эрсдэл нэмэгдэхээр байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тухайн онд хэрэгжүүлэхээр заасан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 31-ний дотор дуусгахыг заасан. Хэрвээ хугацаандаа амжаагүй бол төслийг эхлүүлэхгүй байх, санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох зохицуулалттай. Өнгөрсөн онд л гэхэд энэ шалтгаанаар 535 тэрбум төгрөг хэмнэлтэд тооцогджээ.
Эцэст нь хэлэхэд гацаанд орсон тендерийн удаашралттай, бэлтгэл хангалтгүй төслүүдийн улмаас бий болсон төсвийн хөрөнгө оруулалтын хэмнэлт нь бодит хөгжил, бүтээн байгуулалтын алдагдсан боломж гэсэн үг. Ялангуяа бүтээн байгуулалтын ид улирал богино хугацаанд үргэлжилдэг манай нөхцөлд ийм хэмнэлт нь цаасан дээрх тоо сайжирсан мэт харагдавч, бодит эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн хурд саарах эрсдэлийг дагуулж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-27





