Б.Дашпүрэв: Улаанбаатар хотын 155, орон нутгийн 80 шатахуун түгээх станц руу түгээлт хийж байна www.itoim.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Наймдугаар сарын 5-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн, өнөөдөр 02:30 цагт долоон вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж ирлээ.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 155, орон нутагт 80 шатахуун түгээх станц буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж ШТС-ууд руу ачилт хийж байна.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа. Өнгөрсөн таван өдөр Сүхбаатар боомтоор 10.017 тонн АИ-92 автобензин орж ирээд байна. Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1.980 тонн АИ-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна. Өмнө нь 800 ам.доллар байсан бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирсэн. Үүнтэй холбоотойгоор үнийн зөвлөл удахгүй хуралдана. Бусад эх үүсвэрээс орж ирэх шатахууны үнийг харгалзан үзэх хэрэгтэй болж байна.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
2028 онд ашиглалтад орох боловсруулах үйлдвэрийг газрын тосоор хангахын тулд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны олборлолт тасалдсан, хууль эрх зүйн маргааны асуудлаас болж үйл ажиллагаагаа зогсоосон байдлыг арилгаж, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллана.
Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-07





