Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоов www.news.mn
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгон шинэчлэн тогтоосон талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Тус холбооноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх санал оруулж, сард 208,000 төгрөг буюу 26.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалингийн орлогод ногдуулах Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сая төгрөгөөс тооцохоор талууд тохиролцоонд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 1 сая төгрөгт ногдох 100 мянган төгрөгийн татварыг хөнгөлнө гэсэн үг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж юу вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар юм. Ажил олгогч ажилтны үндсэн цалинг энэ хэмжээнээс доогуур тогтоох эрхгүй. Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин нь мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан 1 сая төгрөгөөс өндөр байх ёстой.
Нийтэлсэн огноо2026-08-17





