Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам барьж байна www.montsame.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна.
Тус гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажлыг 2023 оноос эхлүүлсэн бөгөөд одоогоор талбай дээр дөрвөн байршилд туннел, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дуусгажээ. Газар шорооны ажил 80 орчим, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн ч авто замтай холбоотой шугам сүлжээ, газар чөлөөлөх асуудал үүсэж байгааг НЗДТГ мэдээллээ. Одоогоор авто замын талбайд газрыг бүрэн чөлөөлсөн ч дам нөлөөнд өртөж буй хажуу налуу хэсгийн газрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлж байгаа аж.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний болон дугуйн замтай байх юм.
Нийтэлсэн огноо2025-04-22