“Онтрэ” дээр дахин хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагагүй гэх “Рио Тинто”-гийн байр суурь www.eguur.mn
“Оюу Толгой” ХХК руу “Онтрэ”-гийн зүгээс Шивээ толгой, Жавхлант хоёр ордын лицензийг шилжүүлэх процесс өдгөө явагдаж буй бөгөөд эхний ээлжид Жавхлант ордын лицензийг шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл “Оюу Толгой” компанийн зүгээс 80 хувийг нь шилжүүлэн авсан орд дээрээ өрөмдлөг хийсэн талаар бид урьд нь мэдээлсэн билээ.
“Рио Тинто”-гийн Монгол дахь удирдлагын зүгээс хэвлэлд ярихдаа, дээрх хоёр ордын лиценз шилжүүлэхтэй холбоотойгоор төслийн үр өгөөж нь Монголын талд шууд ирнэ гэжээ.
Монголын Засгийн газрын төлөх 2.4 тэрбумын зээлийг “Рио Тинто” компани тэглэсэн бөгөөд ингэснээр хоёр хувь эзэмшигч “Оюу Толгой”-гоос зэрэг хувь хүртэж эхэлнэ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа хайгуулын таван тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон учир “Оюу Толгой”, “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 хувийн эдийн засгийн үр өгөөжийг хүртэх байдлаар талууд тохирсон гэсэн байна.
Иймд “Эрдэнэс Оюу Толгой” компани энэхүү 80 хувийн өгөөжийн 34 хувийг эзэмших бөгөөд “Онтрэ”-гийн эдийн засгийн үр өгөөжийн 20 хувь дээр аль хэдийнэ “Айванхоу майнз”, “Онтрэ” нар ашиг хуваах гэрээ байгуулсан агуулгаараа явах уу гэх нөхцөл эндээс цухалзав.
“Оюу Толгойн” бүх төлөвлөлтийг хийхдээ “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг хамааруулан тооцсон байсан гэх бөгөөд “Онтрэ” 34 хувиа Монголын талд өгье гэдэг байр суурь илэрхийлсэн ч манай талаас ямар оролцоогоор орохоо эцэслээгүй байгаа.
Арбитрийн шийдвэрийн дагуу хоёр лицензийг дараалан “Оюу Толгой” руу шилжүүлж дуусахтай зэрэгцүүлэн татварын асуудлыг мөн тооцож, цэгцлэх бөгөөд Монголын Засгийн газрын зүгээс “Онтрэ”-гийн 20 хувийн эзэмшил дээр дахин хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас илүүтэй “Эрдэнэс Оюу Толгой”-н эзэмшлийн 34 хувь дээрээ хэрхэн ажиллах байр сууриа бүрэн дүүрэн илэрхийлэх шаардлага бий талаар “Рио Тинто” компанийн зүгээс байр сууриа илэрхийлжээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-05-19