Татвараа төлөөгүй 103 мянган эзэмшигч байна, барагдуулаагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй www.eguur.mn
НИТХ-аас Нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг баталсан.
Улмаар тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг.
2020-2024 онд Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг дараах инфографикаас харах боломжтой
Busy Charts
Infogram
Дөрвөн жилийн дотор л гэхэд Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 181 мянгаар нэмэгджээ. Энэ хугацаанд татварын хэмжээ өсөөгүй, татварын орлого хангалттай байгаагүйгээс шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлж чадахгүйгээр өнөөг хүрсэн учир төлбөрийг нэмэгдүүлсэн хэмээн албаныхан тайлбарласан.
Автомашины татварыг нэмэгдсэн агуулгаар хэн юу ярив?
Тодруулан хэлбэл, Авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Жил бүр нийт замынхаа 1.5 хувийг засч, үлдсэн 98 хувиа засварладаггүй. Замын сангийн хөрөнгийг авто замын засвар арчлалтын ажилд зарцуулна гэж хуульд заасан байдаг. Бид Авто замын тухай хуулийн дагуу зам засварын ажлаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байдаг. Бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй км замыг зассан. Эдгээр замыг засч байж замын чанар сайжирч, 80 хувиас дээш барих зорилго тавьсан" хэмээж байв.
Харин хотын дарга Х.Нямбаатар "4000 см.кубаас дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмж, бусад машины төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй 12 жил болжээ. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа" хэмээсэн.
Тухайлбал,
Prius маркийн авто машины хувьд жилд 36.0 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 144.0 мянган төгрөг,
Lexus 570 маркийн авто машины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 752.4 мянган төгрөг,
Huindai Porter авто машины хувьд жилд 30.0 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75.0 мянган төгрөг,
Цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх болсон.
Жишээ дурдахад, Toyota Aqua загварын автомашины татвар, хураамж сүүлийн гурван жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар дараах зургаас харах боломжтой
2023 онд - татвар болон төлбөрт 28,728,
2024 онд - татвар болон төлбөрт 57,704 төгрөгийг төлж байсан бол
2025 онд - татвар болон төлбөрт 211,312 төгрөгийг төлөх болсон байна.
Энэхүү нэмэгдсэн татварыг дөрөв хоногийн өмнө буюу /2025-06/01/-ний дотор төлж барагдуулах ёстой байв. Гэтэл одоогийн байдлаар Нийслэлийн есөн дүүрэгт бүртгэлтэй 710 мянга гаруй тээьрийн хэрэгсэл байдаг. Харин эдгээр тээврийн хэрэгслийг эзэмшигчдийн хувьд 331,791. Үүнээс 228,710 нь татвар төлөгч тээврийн хэрэгслийн татвараа төлсөн, 103,081 тээврийн хэрэгсэл татвараа төлөөгүй байгаа тухай албаныхан мэдээллээ.
Татвараа төлж барагдуулаагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй хуулийн заалттай. Тодруулбал,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.9.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөх үүрэгтэй. Хэрвээ иргэн тээврийн хэрэгслийнхээ татварыг төлж амжаагүй бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заасан байдаг.
Нийтэлсэн огноо2025-06-04