Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө www.itoim.mn
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд, өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг юм. Тийм ч учраас Богд хааны ордныг төрөөс хамгаалах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1961, 1971 онд гарч байжээ. Гэвч Богд хааны зуны ордны залгаа газрыг 2007 онд иргэнд өмчлүүлж, одоо барилга байгууламж барьж байгаа үйл баримтаас үзвэл, төрөөс түүх, соёлын өвийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйн илрэл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байна.
Иймд түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур соёлын үнэт шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар (Богд хааны Хүрэн ордны хажуу талын)-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
Иргэнд өмчлүүлсэн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу эсэхийг шалгах хугацаанд уг газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэх,
Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэх,
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Богд хааны Хүрэн ордны барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох,
Устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээний төлөвлөгөө, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудад хамгаалалтын бүс бүрэн тогтоосон эсэхийг нягтлан шалгаж, хамгаалалтын бүсийг гүйцээн тогтоохыг тус тус үүрэг болголоо.
Нийтэлсэн огноо2025-08-06