Сэлбэ дэд төвийн байрны тоог цөөлж, талбайг нь нэмжээ www.news.mn
"Сэлбэ" хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлсэн талаар албаныхан мэдээлсэн юм. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байгаа аж.
Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ.
Үнэлгээний хороо дээрх 34 байгууллагын ирүүлсэн саналтай танилцаж, ажлын 15 хоногт багтаан шийдвэрээ гаргах юм байна. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн таван компани энэ оны есдүгээр сардаа багтан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх гэнэ.
Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөхдөө "Сэлбэ дэд төвийн нэг, хоёрдугаар багцын тендер зарлагдаж, шалгарсан компаниуд нь гэрээгээ хийгээд ажилдаа орчихсон байгаа. Харин гурав, дөрөвдүгээр багцын тендерийг тав хуваасан. Ингээд 4757 айл байхаар нийт таван багц тендерийг 2025 оны наймдугаар сарын 14-нд нээлээ. Зураг төслийн хувьд бүгд ижилхэн. Тендерийн үндсэн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөөгүй. Мэргэжлийн байгууллагуудын санал, зарим экспертүүдийн зөвлөсөн, төслийн багийн судалгааг үндэслэн айлуудын дундаж метр квадратыг нэмэгдүүлсэн. Энэ удаагийн зарлаж байгаа таван багц тендерт өмнөх тендерийн дундаж айлын метр квадрат 48 болон 49 м.кв байсан. Энэ удаа зураг төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, дундаж метр квадрат талбай нь 68 м.кв байхаар хуваасан" гэсэн юм.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулахаар ТЭЗҮ баталсан байдаг. Харин шинэчилсэн зураг төслөөр тус төслийн нийт 12 мянган айлын тоо 8565 болж, гурав, дөрөвдүгээр багцын тендерийг тав хувааснаар 6000 айлын тоо 4757 болж буурч байгаа аж.
Монголын Барилгачдын нэгдсэн холбооноос 2025 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн барилгачдын касктай хугацаагүй суулт зарлаж, эрх бүхий байгууллагуудад удаа дараа албан бичгийг явуулсан талаар мэдээлж байсан. Үүний үр дүнд “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих” 3, 4 дүгээр багцын тендер сонгон шалгаруулалтыг таван багцад хувааж, үндэсний компаниуд оролцох боломжтой хэлбэрээр дахин шинээр явуулахаар болсон.
Орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багцын тендер сонгон шалгаруулалтад үндэсний аж ахуйн нэгжүүд болон түншлэлээр оролцох боломжийг бүрдүүлж, багцын дүнг бууруулан тав хувааж тендерийг хуулийн дагуу зохион байгуулсанаар, тендер нээгдэхэд давхардсан тоогоор 31 үндэсний барилгын компаниуд оролцоод байна. Үндэсний компаниуд энэхүү төсөлд шалгарч, өөриймсөг сэтгэлээр, чанартай, хариуцлагатай байж төслийг хугацаанд нь амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдээлж байв.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2028 он хүртэл гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан байдаг.
Нийт 158 га талбайд 2200 гаруй нэгж талбарыг чөлөөлж, хотын хойд талын утааны голомтоос багадаа 4000 орчим янданг буулгаж, шинж суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолсон. Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын эхний бүтээн байгуулалт “Зургаан буудал”-ын “Оргил” худалдааны төв орчимд хэдийн эхлээд газар шорооны ажлаа үргэлжлүүлж байна. Түүнээс гадна дээрх хорооллуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсарч, дээвэр дээр нь нарны эрчим хүчний хавтан байрлуулахаар төлөвлөсөн. Уг хуримтлуулсан эрчим хүчээр орцны гэрэл, цахилгаан шат, гарааш зэрэг нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны хэрэглээг шийдэх юм.
Нийтэлсэн огноо2025-08-15