Төсөв 2026: Нүүрсний үнэ 133.7 доллар байхаар тооцжээ www.news.mn
Сангийн яам Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулан, Засгийн газарт хүргүүлээд байна.
Төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөжээ. Харин төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон аж.
Төсөвт ирж болзошгүй эрсдлийг түүхий эдийн үнийн уналт, Засгийн газрын өр, зудын нөлөө гэж тооцоолсон байна.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлж ирсэн гэж хэлэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ өсөхөд эдийн засаг сэргэж, экспортын орлого өсдөг бол үнэ буурахад төсвийн алдагдал нэмэгддэг. Тэгвэл төсөвт нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 133.7 ам.доллар, зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8341.8 ам.доллар байхаар тус, тус тооцжээ.
Тооцооллоор ирэх онд дэлхийн зах зээлд нүүрсний экспортын үнэ дунджаар 70 ам.доллар байх төлөв гарч байгаа аж. Сангийн яамныхны хийсэн судалгаагаар гадаад зах зээлд 2025 оны эхний хагаст гангийн зах зээл болон аж үйлдвэрийн идэвх суларч, нүүрсний нөөц өссөнөөр Ганцмод боомт дахь коксжих нүүрсний үнэ зургадугаар сард 700 юань/тоннд хүрч, сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Харин долдугаар сараас үйлдвэрлэлийн хязгаарлалт болон байгаль орчны хяналт шалгалт эрчимжсэнээр олборлолт буурсөн бөгөөд наймдугаар сарын 14-нд үнэ 995 юань/тоннд хүрч өссөн. Наймдугаар сараас “276 ажлын өдөр” бодлого хэсэгчлэн хэрэгжиж эхлэхийн зэрэгцээ БНХАУ-ын ногоон эрчим хүч, дэвшилтэт өндөр технологи, био анагаах ухаан зэрэг салбарын хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай гангийн үйлдвэрлэл эрчимжих нь коксжих нүүрсний эрэлтийг дэмжиж, үнийг тогтвортой түвшинд хадгалах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Зэсийн үнийн тухайд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны наймдугаар сарын 1-нээс хагас боловсруулсан зэс бүтээгдэхүүний импортод 50 хувийн тариф тогтоосон бол цэвэршүүлсэн зэсэд 2027 оноос 15 хувь, 2028 оноос 30 хувийн тариф тогтоох тухай мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор дэлхийн зэх зээлд богино хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх бол нөгөө талаас Чили, Перу дахь томоохон уурхайнуудын доголдол нийлүүлэлтийг бууруулж ирэх онд зэсийн үнэ 9,700 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.
Иймд 2026 оны төсвийн жилд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж хувийн хэвшилд суурилсан өсөлтийн загварыг дэмжих замаар макро тогтвортой байдлыг хадгална. Энэ хүрээнд иргэн төвтэй, бизнесийн орчныг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төсвийн зардлыг энэ оны түвшинд барьж, зардлын дахин хуваарилалт хийн иргэнд ээлтэй хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж зорьж байна.
Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төсвөөс санхүүжүүлдэг зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж төсвийн урсгал зардлын өсөлтийг бууруулна.
Төрийн байгууллагын туслах үйл ажиллагаа (цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, халаалт г.м), тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, жижиг дунд үйлдвэрлэлийг болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, мэргэжлийн боловсрол сургалтын чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх (539.7 тэрбум төгрөг);
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх нь төлдөг тогтолцоонд гурван жилийн хугацаанд үе шаттай шилжүүлж санхүүгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх (88.7-178.3 тэрбум төгрөг); 8
Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах, татварын тогтолцоо, бүртгэл, хамрагдалтыг сайжруулах, бүх нийтээр жигд шударга төлдөг татварын орчин бүрдүүлэх, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих татварын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
Иргэдийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийг шаталсан хэлбэрээр үе шаттай нэмэгдүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулж, орлогыг хамгаалж дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр иргэд худалдан авалтын хэмжээнээс хамаарч 10%, 5%, 2%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын шаталсан хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд нийт цахим төлбөрийн баримтын 75 хүртэлх хувь 5 ба түүнээс дээш хувийн НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах босго, шатлалыг нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хялбаршуулсан бага татвар бүхий горимд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.
Бүх нийтээрээ татварыг шударгаар төлдөг, үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг олон төрлийн чөлөөлөлт, хязгаарлалтуудын өөрчлөн оновчтой болгон хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулах зорилгоор татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшинд үндэслэн түүний дотоодын болон импортын 14 нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, уян хатан төлөх боломжийг олгож дэмжлэг үзүүлнэ.
Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж хийж, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж туслах, зөрчил гарсны дараа бус урьдчилан анхааруулж өөрөө сайн дураар засах боломжоор хангана.
Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг үнэлж, хариуцлагатай татвар төлөгчдийн татвар төлөх хугацааг сунгаж уян хатан төлөх боломж олгох, дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэн бизнесээ хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, бүтцийн өөрчлөлт хийнэ.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд санал болгож, бүтцийн өөрчлөлт хийснээр 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөвт төвлөрүүлнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, түүний цалин хөлсний бодлогыг оновчтой тогтоож, удирдлагын багийг улс төрөөс ангид, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулан томилох бодлого барих аж.
Нийтэлсэн огноо2025-08-19