"Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ажлаа өгнө www.news.mn
"Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер 2025 оны арванхоёрдугаар сарын 9-нд ажлаа өгнө гэдгээ мэдэгджээ. Түүнийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/2022 оны гуравдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж буйг мэдэгдэж байв. Дэйрдрэ Лингенфэлдер албан үүргээ 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.
Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч бөгөөд хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрбээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюутолгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан нэгэн.
Харин Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан юм. Тэрбээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж, туршлага хуримтлуулсан нэгэн юм.
Нийтэлсэн огноо2025-09-04