Р.Чингисийг Дотоодын цэргийн ерөнхий командлагчаар томилно www.news.mn
Шүүхийн шийдвэрийг үндэслэн бригадын генерал Р.Чингисийг Дотоодын цэргийн ерөнхий командлагчаар буцаан томилно гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр /2025.09.10/ мэдэгдлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гаргаж Дот оодын цэргийн ерөнхий командлагч, бригадын генерал Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Харин бригадын генерал Р.Чингис дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байсан. Эл гомдлыг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн тушаал нь хууль бус гэж үзээд албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан.
Сануулахад, бригадын генерал Р.Чингисийг дээрх албан тушаалаас чөлөөлөхийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэ мэдэгдлийн дараа хуулийн салбарынхан “Р.Чингис хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй. Женко Х.Баттулгын явуулгаар Р.Чингисийг ноцтой хэрэгт гүтгэлээ” гэж шуугиж байв. Гэвч тэрбээр сайдын тушаал хууль зөрчсөн гэж үзэн, шүүхэд гомдол гаргасан нь ялж, ийнхүү албан тушаалдаа эргэн очих болж байна.
Нийтэлсэн огноо2025-09-10