Есдүгээр сард Монголоос Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ рекорд тогтоожээ www.itoim.mn
БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард тус улс руу нийлүүлсэн Монголын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Энэ нь Хятадын нүүрсний хэт үйлдвэрлэлийг бууруулах бодлогоос үүдэн дотоодын үнийн өсөлт нэмэгдэж, худалдаачид хямд эх үүсвэр эрэлхийлсэнтэй холбоотой аж.
Монгол Улс есдүгээр сард Хятад руу 9.29 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оныхоос 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр сарын хэмжээ юм. Сонирхолтой нь, энэхүү өсөлт 2025 оны эхний есөн сард Хятадын нийт нүүрсний импорт 11 хувиар буурсан үед тохиож байна.
Сүүлийн саруудад Хятад улс нүүрсний дотоодын үйлдвэрлэлд хязгаарлалт тогтоосон. Мөн БНХАУ-ын зохицуулах байгууллагууд дотоодын хүчин чадлын зөрчилтэй 15 уурхайг хааж, нийлүүлэлтийн тасалдал үүсгэсэн. Энэ оны эхний хагаст нийлүүлэлт огцом өсч, үнийг унагаасан нь “anti-involution” буюу хэт үйлдвэрлэл ба зохисгүй хямд үнийг тогтоох явдлыг бууруулах кампанит ажлын нэг хэсэг гэж үздэг.
Эдгээр арга хэмжээний нөлөөгөөр дотоодын дулааны нүүрсний үнэ сүүлийн найман сарын дээд түвшинд хүрч, ган үйлдвэрлэлд хэрэглэдэг металлургийн нүүрсний фьючерсийн үнэ долдугаар сараас хойш 30 хувиар өссөн байна.
Wood Mackenzie компанийн металлургийн нүүрсний ахлах зөвлөх Саймон Ву “Монгол Улс хөрш орны хувьд тээврийн хувьд богино зайтай, өртөг хямд зэрэг давуу талаа ашиглан зах зээл дэх байр сууриа хамгийн их өргөжүүлж байна” гэжээ.
Есдүгээр сард Хятадын хамгийн том нийлүүлэгч болох Индонезиас оруулсан нүүрсний хэмжээ ч мөн есөн сарын дээд түвшинд хүрсэн байна. Энэ нь тус улс худалдаачдын эсэргүүцэлтэй байсан төрийн жишиг үнийн шаардлагыг хүчингүй болгосонтой холбоотой юм.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-10-23