"24 цагийн дараа албан ёсоор сургалт хүмүүжлийн ажил эхэлнэ" www.news.mn
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнг өнөөдөр /2025.11.03/ танилцуулав.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр улс орон даяар 13 хоногийн хугацаанд нийт 720 байгууллагын 40 гаруй мянган багш боловсролын байгууллагаа төлөөлж ажил хаялтад оролцсон. Бид хэлэлцээрийн үр дүнд багш нарынхаа цалинг 2026 онд 2,8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор бүртгүүлсэн. Нийт есөн заалт бүхий хэлэлцээр хийсэн. Дээд боловсролын хуульд заасны дагуу тодорхой хэмжээний шийдэлд хүрлээ. Мөн нэмэлт хэлэлцээрийн үр дүнд, Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувь, 2026 ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар талууд хамтран ажиллахаар мэдэгдсэн. Боловсролын салбарт улсын төсвийн нийт зарлагын 20-оос доошгүй хувийг, ДНБ-ий 6-аас доошгүй хувийг зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Ажил хаялтын хугацаанд багш нарыг ажилласанд тооцож цалинг нь бүрэн олгохоор боллоо. Ингээд 24 цагийн дараа албан ёсоор сургалт хүмүүжлийн ажил эхэлнэ. Учир нь хичээл эхлэх бэлтгэл ажил хангагдах ёстой" гэлээ.
Нийтэлсэн огноо2025-11-03





