Зөвшөөрөлгүй олборлолт явуулсан найман үйлдлийг илрүүлжээ www.eguur.mn
Цагдаагийн байгууллагаас энэ сард хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллажээ. Тус шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байсан найман үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн хоёр үйлдлийг илрүүлсэн байна. Түүнчлэн ууланд нууж байрлуулсан экскаватор 20, ковш 3, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 3-ыг тус тус олж тогтоожээ. Тухайн хэргийг Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг аж. Иймд иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг анхаарууллаа.
Нийтэлсэн огноо2025-11-13





