ОУЭШ-д ажиллаж буй шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг Трампын засаг захиргаа хоригт орууллаа www.eguur.mn
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Израилын эсрэг явуулж буй Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) хэрэгт оролцсон гэх үндэслэлээр тус шүүхийн дахин хоёр шүүгчид хориг арга хэмжээ ногдуулж, “дайны шүүх” хэмээн нэрлэдэг уг байгууллагад үзүүлэх Вашингтоны дарамтыг улам эрчимжүүллээ.
2024 оны арваннэгдүгээр сард ОУЭШ-ийн шүүгчид Газын мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн байж болзошгүй дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн улмаас Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Иов Галлант нарт баривчлах захирамж гаргасан юм. Трампын засаг захиргаа үүнээс өмнө ОУЭШ-ийн есөн шүүгч, прокурорт хориг тавьсан бөгөөд Израилын удирдагчдын эсрэг хэргийг цуцлахгүй тохиолдолд шүүхийг бүхэлд нь хоригт хамруулах хүртэл арга хэмжээ авахаар сүрдүүлж байв. Ийм алхам нь тус шүүхийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг албаныхан онцолжээ.
Вашингтоноос ОУЭШ-д тавьж буй бусад шаардлагад АНУ-ын цэргүүдийн Афганистанд явуулсан ажиллагаатай холбоотой өмнөх мөрдөн шалгалтыг албан ёсоор хаах, мөн Трамп болон түүний дээд албан тушаалтнуудыг яллахгүй байхаар шүүхийн суурь дүрмийг өөрчлөх зэрэг багтаж байна гэж өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааны нэгэн албан тушаалтан Reuters агентлагт ярьсан байна.
“ОУЭШ Израилыг онилсон улс төржсөн үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа нь бүх улс орнуудад аюултай жишиг тогтоож байна. АНУ болон Израилын бүрэн эрхт байдлыг зөрчиж, АНУ болон Израилын иргэдийг үндэслэлгүйгээр ОУЭШ-ийн харьяалалд оруулах эрх мэдлийн хэтрэлтийг бид тэвчихгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэлдээ дурдав.
Мөн Гүржийн иргэн ОУЭШ-ийн шүүгч Гоча Лордкипанидзе болон Монгол Улсын иргэн Дамдингийн Эрдэнэбалсүрэн нарыг хоригт хамруулж байгаагаа зарлаж, тэд “Израилын зөвшөөрөлгүйгээр Израилын иргэдийг мөрдөн шалгах, баривчлах, хорих, яллах оролдлогод ОУЭШ-ийн хүрээнд шууд оролцсон” хэмээн мэдэгдсэн байна. Энэ оны эхээр АНУ-ын засаг захиргаа ОУЭШ-ийн өөр зургаан шүүгч, мөн прокурор Карим Хан болон түүний хоёр орлогчид хориг тавьсан юм.
Уг хоригийн хүрээнд тухайн шүүгчид АНУ-д зорчих, тэнд хөрөнгө эзэмших боломжгүй болохоос гадна кредит карт ашиглахад хүндрэл үүсч, өдөр тутмын санхүүгийн гүйлгээ, цахим худалдан авалт хийх нь бараг боломжгүй болж байна.
Рубио мөн эдгээр шүүгчид энэ долоо хоногийн эхээр Израилын талаас гаргасан, Газын дайнд Израилын үйл ажиллагааг мөрдөн шалгаж буй ОУЭШ-ийн хэрэгт холбогдох хэд хэдэн хууль зүйн маргааны нэгийг няцаах санал хураалтад оролцсоныг дурдсан байна. Нэр дурдсан шүүгчид нь доод шатны шүүхээс гаргасан, прокурорын зүгээс харьяаллынхаа хүрээнд байж болзошгүй гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны аравдугаар сарын 7-нд Палестины зэвсэгт бүлэглэл ХАМАС Израилд халдсаны дараах үйл явдлуудыг хамруулж болно гэсэн шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) энэ онд хэрэгжүүлж буй дөрөв дэх удаагийн арга хэмжээ болох шинэ хориг арга хэмжээнүүдийг эрс буруушааж байгаагаа мэдэгдэв.
“Эдгээр хориг нь хараат бус, шударга шүүх байгууллагын бие даасан байдалд илт халдсан үйлдэл мөн” хэмээн ОУЭШ мэдэгдэлдээ онцлоод, уг арга хэмжээнүүд олон улсын эрх зүйн дэг журмыг эрсдэлд оруулж байна гэж анхааруулжээ.
АНУ болон Израил улс ОУЭШ-ийн гишүүн биш боловч Палестины нутаг дэвсгэрийг 2015 онд гишүүн улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. ОУЭШ нь дэлхийн байнгын дайны гэмт хэргийн шүүх бөгөөд Европын Холбооны бүх улсыг багтаасан нийт 125 гишүүн улстай ч Хятад, Орос, АНУ зэрэг томоохон гүрнүүд гишүүнээр элсээгүй байна.
Тус шүүхийн бүрэн эрхийн хүрээнд гишүүн улсын нутаг дэвсгэр дээр тухайн этгээд өөрөө эсхүл түүний удирдлагад байсан иргэдийн үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгт холбогдуулан, албан тушаал хашиж буй төрийн тэргүүнүүдийг хүртэл яллан шалгах боломжтой байдаг. ОУЭШ-ийн төв байрладаг Нидерланд улс ч мөн эдгээр хориг арга хэмжээг буруушааж, олон улсын шүүхүүд аливаа хөндлөнгийн нөлөөгүйгээр үүргээ гүйцэтгэх ёстойг онцоллоо.
“Олон улсын шүүх, шүүхийн байгууллагууд өөрсдөд нь олгогдсон бүрэн эрхийн хүрээнд саад тотгоргүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой” хэмээн Нидерландын Гадаад хэргийн сайд Дэвид ван Вийл X нийгмийн сүлжээнд бичжээ.
Манай сайтад өмнө нь нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар
Олон улсын эрүүгийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь 2012.02.06-нд Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байсан. Тэрбээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг буюу Ховд аймгийн Зэрэг сумынх.
1995 онд Улаанбаатар хотод орж ирж, УЕПГ-т 2002 он хүртэл туслах прокуророор ажилласан. 2002-2012 оны хооронд “Эрч чөлөө, эрх зүйт ёс” ТББ-ын тэргүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэгдэж явсан түүнийг 2012 онд Ц.Элбэгдорж зарлигаараа УДШ-ийн шүүгч болгосон билээ. Хачирхалтай нь Д.Эрдэнэбалсүрэнгийн ах Д.Чадраабал Ц.Элбэгдоржийн хар багын найзууд гэгддэг аж.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
Нийтэлсэн огноо2025-12-22





