Шийдэл байна уу | Ипотекийн зээлийн хахууль ₮20 саяд хүрч, 35 мянган иргэн жагсаалтад хоёр жил гацжээ www.eguur.mn
Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа авахдаа орон сууцжуулалтын банк байгуулна гэж ам шүд алдсан юм. Энэ амлалт хэзээ ажил хэрэг болох бол гэдэг нийгмийн хүлээлт үүсчээ.
Арилжааны банкууд иргэдээс ипотекийн зээлэнд орох хүсэлтийг нь авдаг. Ингээд банк бүр дээр жагсаалт үүсч, хүлээлгийн горимд шилждэг юм. Эхэндээ иргэд 6-12 сар орчим хүлээгээд, зээлэндээ ордог байв. Харин эдүгээ бол арилжааны банкууд нэмж хүсэлт авч, жагсаалтаа зузаалахын эсрэг бодлого баримтлах болжээ. Учир нь, эрэлт хэтийдэн өссөн.
Өөрөөр хэлбэл иргэн та эдүгээ ипотекийн зээлийн хүсэлтэд бүртгүүллээ ч хоёр жилдээ багтаж орох боломжгүй. Цаг хугацааны хувьд арагшаа шидэгдсээр байх нөхцөл байдал үүссэн гэсэн үг.
Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкуудад 35 мянган ипотекийн зээлэнд орох хүсэлт өгсөн. Тэдний зээлийг санхүүжүүлэхэд шаардагдах дүн 3.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024, 2025 онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр тусгаж хэрэгжүүлсэн дүнгүүдээс даруй 1.3 их наядаар өндөр байна.
Ирэх жил 600 орчим тэрбумаар санхүүжүүлэх агуулга байнгын хороон дээр бөөн маргаан дэгдээгээд амжсан. Хуримтлалтын сангийн нэмэгдлээр ирэх жил ихдээ л 1 их наяд давах үзүүлэлт биднийг хүлээж байна. Гэтэл зээлийн жагсаалт он гарангуут 4 их наяд даваад явчих нь маш тодорхой болчихсон байдаг.
Эрэлт, санхүүжилтийн шугам ингэж зөрөхөөр ипотекийн зээлийг олгож буй арилжааны банкууд тэнгэрт гарчхаж байгаа юм. "Хаанаасаа хаалгач нь" гэгчээр зээлийн эдийн засагчид, салбарын захирлууд иргэнд ипотекийн зээл бүтээж өгөөд, 20 сая орчим төгрөгийн хахууль авдаг далд хэлбэр бүр ужгиран тогтлоо. Ипотекийн зээлийг нь болгож өгөх нөхцөлтэй орон сууцууд суурь үнээ өсгөсөн дүнгээр иргэнд очдог болсоор ч удлаа. Аливаа юмсын эрэлт ихсэхэд дагаад ийм жам зүй явах нь энгийн логик билээ.
Энэ чигээрээ ипотекийн зээл үргэлжиллээ гэхэд зах эрэлтээ огт гүйцэхгүй. Тэр хэрээр агаарын бохирдол, ядуурал, замын түгжрэл зэрэг нийгмийн суурь асуудлууд нь улам ихсэх юм. Зээлийн 6-8 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрүүд нийгэмдээ сайн нөлөөллөө үзүүлсээр ирсэн нь үнэн. Харин эдүгээ бол энэ хэлбэр зах зээл дээр хана мөргөчхөөд байна. Тэгэхээр шинэ гарц, бодлогын чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсныхаа дараа улсынхаа тоон үзүүлэлтүүдтэй танилцаж, жаал толгойгоо барихдаа орон сууцны банк байгуулахаас өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Ингээд тэр даруйдаа Барилга хот байгуулалтын яаманд түшиглэн ажлын хэсэг байгуулсан. Мөнхүү Засгийн газраас олон хүүхэдтэй гэр бүл, багш, эмч нарыг ипотекийн зээлийн дугаарлалтгүй шахам зээлэнд оруулах агуулгаар дуугарсан ч бий.
Гэвчиг Засгийн газар хагас жил ажиллаад, оноо үдэх гэж байгаа ч өнөөх орон сууцжуулалтын банк байгуулах концепц яг ямар байх. Хэзээ юунд түшиглэн байгуулах эсэхээр тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ажил хэсэг байгуулж орхиод л баахан самгардсан ажил дундаа энэ сэдвээ живүүлж орхив. Энэ засгийн газрын ажил хэрэгч бус олон кэйсийн нэг өөрөө эл живсэн сэдэв болов.
Эрх барьж буй нам 2028 оны сонгуулийн үр дүнгээ бодсон ч тэр орон сууцны зээл дээр эффект үзүүлэхүйц ажил хийхээс өөр ямар ч сонголтгүй. АН олонх байх үеэс энэ зээл олгогдож, иргэд моргэйжийн зээлийн талаарх ойлголттой болсон түүхтэй. Үүнийг МАН 10 жил засаглахдаа аньчхаж болохгүй.
Орон сууцны үнэ өнгөрөгч жилүүдэд 15 орчим хувиар өсч байсан бол арматурын эрэлт, өсөлтөөс үүдэж 20 хувиар байрны үнэ дээшлэх тооцоо гарчээ. Ерөөс сар тутам нэмэгдсээр байгаа байрны эрэлт дунд иргэд нэг сарын өмнө ч болов зээлэнд орохыг л хүснэ. Харин тэр хүсэлтийг одоогийн нөхцөл, чадамжаар Засгийн газар даах ямар ч боломжгүй болсон байна.
Чөлөөт зах зээлтэй оронд иргэд орон сууцанд орохын тулд 35 мянгуулаа жагсаалтад овоорч, хоёр жил хүлээж, банкны эдийн засагчид 20 сая атгуулж байгаа нь төр засгийн бодлого ихээхэн оновчгүй, хэт механик түвшинд явааг л харуулж байгаа юм.
Оноос өмнө тэр орон сууцжуулалтын банк байгуулах ажил тань чухам хаана аа гацчихсаныг нэг санаж, сэхээрч асуугаарай Ерөнхий сайд Г.Занданшатар аа. Нийгэмдээ, олон нийтдээ шийдэл танилцуул.
Г.ИТГЭЛ
Нийтэлсэн огноо2025-12-22





