Русал компани Рио Тинто-гийн "Оюу Толгой"дахь хувьцааны багцыг царцаах шахалт үзүүлж магадгүй www.eguur.mn
Рио Тинто групп нь 2025 онд Монгол дахь Оюу Толгойн зэсийн уурхайн олборлолт дээд амжилт тогтооно гэж мэдээлж байсан билээ. Тус уурхай 345,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 61 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Гэвч олборлолт ийм өндөр үзүүлэлт харуулж буй үед улс төрийн идэвхжил дахин сэргэж, Монголд олон нийтийн хэлэлцүүлэг өрнөхтэй давхацсан. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар хөрөнгө оруулалтын анхны гэрээ нь Монголын талыг хэт их эрсдэл үүрүүлэхийн зэрэгцээ хангалттай ашиг хүртээмж өгөөгүй. Монголын 34 хувийн эзэмшил нь төслийн зардал, санхүүжилтийн нөхцөл болон гэрээ байгуулах үед хүлээгдэж байсан ногдол ашгийн урсгалд бодитой нөлөө үзүүлж чадаагүй тул гэрээний нөхцлийг дахин хэлэлцэхээр болоод буй.
Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нэгдүгээр сарын 26-нд цахим хуудсандаа Оюу Толгойн хэлэлцээ явагдаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар, хэлэлцэх асуудлын хүрээ нь анх зөвхөн хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүгийн асуудалд төвлөрч байсан бол одоо илүү өргөн хүрээг хамрах болсон тул ажлын хэсгийг дахин байгуулна гэдгийг онцолсон юм.
Монголын засахыг зорьж буй энэхүү тэнцвэргүй нөхцөл байдал нь төсөл найман жилийн турш алдагдалтай ажилласан нь валютын ханшийн хэлбэлзлийн нөлөөг ойлгож удирдах боломжийг хязгаарлаж, ойрын хугацаанд ашиг хүртэх боломжийг хаасантай холбоотой.
2025 он гэхэд төслийн нийт өр 20 тэрбум ам.долларт хүрчээ. Анх 2019 онд ногдол ашиг хүртэнэ гэж тооцоолж байсан бол одоо 2041 оноос эхэлнэ гэж таамаглаж байна.
"Macro-Advisory" судалгааны компанийн гүйцэтгэх захирал, Еврази болон Монголын асуудлаарх шинжээч Крис Уифер энэхүү нөхцөл байдлыг түгээмэл мөчлөгийн нэг хэсэг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, институцийн чадавх сул байсан үед байгуулсан уул уурхайн гэрээнүүдийг ирээдүйн хөрөнгө оруулагчдыг үргээхгүйгээр хэрхэн дахин хэлэлцэх вэ гэдэг нөхцөл үүсээд буй юм. Ийм жишээ Латин Америк, Ойрхи Дорнод болон байгалийн баялаг ихтэй Африкийн орнуудад ажиглагдсан бөгөөд төслүүд тэлэхийн хэрээр засгийн газрууд нөхцлийг шинэчилж ирсэн.
Монголын хувьд 2008 оны санхүүгийн хямралын дараах эмзэг байдлыг ашиглан Рио Тинто 2009 оны аравдугаар сард байгуулсан гэрээнд өөрт ашигтай нөхцлүүдийг тохиролцсон гэж үздэг.
“Олон улсын компаниуд шинэ зах зээлд маш хурдан нэвтэрч, туршлага багатай албан тушаалтнуудтай хэлэлцээр хийдэг,” гэж Уифер тодорхойлсон юм. “Харин хөгжиж буй орнуудын засгийн газрууд цаг хугацааны явцад илүү туршлагатай болж, ийм харилцааны тэгш бус байдлыг илүү тодорхой ойлгодог болдог” хэмээн нэмж онцлов.
Монголын албаныхны мэдэгдсэнээр 34 хувийн эзэмшил нь зардал, санхүүжилтийн нөхцөл, ногдол ашиг хүртэх хугацаанд бодитой нөлөө үзүүлээгүй. Уурхайн эдийн засгийн үзүүлэлтүүд нь ашиг ногдохоос илүүтэй өрийн өсөлт, зардлын хэтрэлтээр тодорхойлогдож ирсэн. Ил тод байдал хангалтгүй, зардлын хяналт сул байсан нь стратегийн үндэсний хөрөнгө байх ёстой төслийг санхүүгийн дарамт болгон хувиргасан гэсэн үг.
Санхүүгийн бүтэц онцгой шүүмжлэл дагуулсан. 2019 онд "Financial Times" сонины хийсэн эрэн сурвалжилгын мөрөөр Монголын эзэмшил үндсэндээ ямар ч ашиггүй гэж дүгнэсэн байдаг. Учир нь төр өөрийн 34 хувийн хөрөнгийг урьдчилан мөнгө төлөлгүй авсан бөгөөд уг хувийг Рио Тинто-гийн хувьцаа эзэмшигчийн зээлээр санхүүжүүлсэн. Иймээс ногдол ашиг нь өрийг бүрэн төлсний дараа л олгогдох боломжтой. 2025 оны эцсийн байдлаар “Оюу Толгой” ХХК ойролцоогоор 12 тэрбум ам.долларын өрийг Рио Тинто-д төлөхөөр байгаа бөгөөд энэ нь үндсэн төлбөр болон хуримтлагдсан хүүгээс бүрдэж буй.
Хүүгийн бүтэц нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байна. Рио Тинто хувьцаа эзэмшигчийн зээлд 11.1 хувийн хүү тооцдог бол Монгол улс олон улсын зах зээл дээр 5–6 хувийн хүүтэй зээл авдаг. Гэвч төслийн мөнгөн урсгал нь ногдол ашиг тараахад бус өрийн үйлчилгээ буюу үндсэн төлбөр болон хүү төлөхөд чиглэж байна.
Рио Тинто сүүлийн үеийн олон нийтийн мэдэгдлүүддээ улс төрөөс илүү гүйцэтгэлийн үзүүлэлтэд анхаарч байгаагаа илэрхийлжээ.
Гэвч эрсдэл өндөр хэвээр. 2028–2036 оны хооронд Оюу Толгой жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй бөгөөд ингэснээр дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Уул уурхайн салбар нь Монголын ДНБ-ий 35 хувь, нийт экспортын 95 хувийг бүрдүүлдэг.
Нөгөө талд, Рио Тинто болон Монголын Засгийн газрын хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед зэрэгцээ шахуу болж буй шүүхийн маргаан нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна. Оросын Русал компани Хятадаас гаднах дэлхийн хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч. 2025 оны сүүлээр Австралийн Куинсланд дахь хөнгөн цагааны ислийн үйлдвэрийн асуудлаар Рио Тинто-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлд Оросын шүүх дээр ялалт байгуулсан. Ингэхдээ Русал компани Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг Рио Тинто-гийн охин компаниудыг хариуцагчаар нэрлэсэн юм.
Маргаан нь Русал 20 хувийг эзэмшдэг байсан хамтарсан үйлдвэртэй холбоотой. Австрали улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Рио Тинто уг үйлдвэрийн хяналтыг дангаар авсан бөгөөд Русал компанийн хөрөнгө оруулалт болон хөнгөн цагааны ислийн нийлүүлэлтэд хандах эрхийг хязгаарласан. Үүний улмаас Русал компани өөрийн хөрөнгийн эрхэд нэвтрэх эрхээ хууль бусаар хасуулсан хэмээн үзэж, хохирлын нэхэмжлэл гаргасан билээ.
Хэрэв Русал компани Оросын шүүхийн шийдвэрийг Монголд хэрэгжүүлэхийг оролдвол үр дагавар нь хохирлын хэмжээнээс давж болзошгүй. Төслийн зээлийн барьцаанд Рио Тинто-гийн Оюу Толгой дахь хувьцааг зээлийн барьцаанд байлгаж буй банкууд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд бүх хувьцааны багцыг царцааж магадгүй. Ингэснээр Рио Тинто зөвхөн тодорхой хувь эзэмшлийн нэг хэсэг бус бүх эзэмшлээ алдах эрсдэл үүсч болзошгүй.
Энэ нь шууд өмч хураах хэлбэр биш ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц дарамт болж байна. Хэрэв шүүхийн шийдвэрийн үр дүнд Оюу Толгойн хөрөнгөтэй холбоотой нөхөн төлбөр гарвал Монгол улс өөрийн байр суурийг бэхжүүлэх шинэ нөхцөл бий болно. Тухайлбал, Русал-д хандан уурхайн тодорхой хувь эсвэл эрхийг худалдан авах санал тавьж, Рио Тинто-г шахан гаргалгүйгээр төслийн хяналтаа нэмэгдүүлэх боломж ч бүрдэж магадгүй.
Эх сурвалж: Eureporter
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-02-23





