"Уран бураак Л.Оюун-Эрдэнэ ээ, наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ" www.eguur.mn
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас материалыг АТГ-т хүлээлгэн өгч буй талаараа мэдээлсэн билээ. Энэ үеэр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь энэхүү авлига, хуйвалдааныг өөрийн хамтран зүтгэгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна" хэмээсэн юм.
Үүнд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хариулт өгчээ. Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ нарын Монголын том хулгайчдыг тойрсон бүлэглэлийн авлига, албан тушаалын хэргүүд илрээд амь тэмцэн, үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хаа хамаагүй баахан бурж, элдэв муу юманд холбох гэж оролдсон бололтой. Худал гэдгийг баримтаар хялбархан нотолно.
Ер нь харанхуй, ухаан муутай хүн тул өөрийнхөө холбогдон шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хулгайч, авлигач нартай тэмцэж байгаа мань мэтийг зайлуулж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна. Нүүрсний том оффтейк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд.
Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа. Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уран бураак Л.Оюун-Эрдэнэ ээ! Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ.
АТГ-аас ЕС асан "Уран бураак"-ийн холбогдсон бүх хэрэг, хөрөнгө орлого, эх үүсвэрийг нь хуулийн дагуу шалгаж байгаа байлгүй дээ. Эрдэнэс ОТ компанийн 20 сая ам.долларын хууль бус зарцуулалт, хувьдаа ашигласан хэрэг, Смарт эко транс компанид улсын хилийн зурваст хууль зөрчиж 66 га газар олгосон, 100 гаруй тэрбумын хэрэг, их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээнүүд, Харбины олон тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ гэх мэт олон хэргийн материал очсон байгаа даа" гэв.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-23





