Б.Ганхуяг хугацаанаасаа 6 сарын өмнө буюу энэ долоо хоногт суллагдахаар болжээ www.eguur.mn
"Тахир соёот"-д талбайн туслах хийж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тун удахгүй суллагдах гэж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг энэ долоо хоногт суллагдана" гэх мэдээллийг өглөө.
Түүнийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан" хэмээх үндэслэлээр шүүсэн.
Улмаар анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан. Шүүх түүний 9.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байдаг.
Хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө эхнэр болон эгчийнхээ хамтаар саатуулагдаж байв. Тэгэхээр биеэр эдлэх 3 жил есөн сарын хугацаа нь ойролцоогоор 2026 оны есдүгээр сард дуусна гэсэн үг. Гэтэл зургаан сарын өмнө ийн суллагдах гэж байгаа аж.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-24





