Ж.Энхбаяр: Коронавируст цар тахлын үед хэрэгжүүлсэнтэй адил дайны хуулийн төслийг өргөн мэдүүлнэ www.montsame.mn
“Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газрын энэ сарын 25-ны өдрийн хуралдаанд оруулж, УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэх горимоор өргөн мэдүүлнэ” гэж Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр мэдээлэлдээ, Ойрх дорнодын бүс нутаг дахь мөргөлдөөн манай улсын нийгэм, эдийн засагт ямар нэг байдлаар нөлөө үзүүлж болзошгүй тул Коронавируст цар тахлын үед хэрэгжүүлсэнтэй адил дайны хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтсоноо тодотголоо.
Хуулийн төсөлд төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төсөв санхүүгийн сахилга батыг чангатгах, давхардсан чиг үүргийг шилжүүлэх, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, өр авлагыг барагдуулах зэрэг зохицуулалтыг тусгах аж. Тус хүрээнд санхүүгийн үзүүлэлтийг байнга шинжилж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг бодлогын уялдаа холбоогоор хангаж, шаардлагатай бол төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эхлүүлнэ гэж Шадар сайд мэдээлэлдээ дурдав.
Үүний зэрэгцээ өнгөрсөн 35 жилд бүрдүүлсэн бүх нөөц бололцоог 2025 онд бүрэн ашигласан. Тодруулбал, төмөр зам түүхэндээ байгаагүй буюу 48 сая тонн ачаа эргэлт хийсэн, цахилгаан дулааны үйлдвэрлэл хамгийн өндөр түвшинд хүрсэн, Эрдэнэт үйлдвэр хамгийн их боловсруулалт явуулсан, нүүрсний салбар 90 сая тонныг экспортолсон, ажиллах хүчний оролцоог 63 хувьд буюу өмнө байгаагүйгээр дайчилсан, нэг хүнд ногдох ДНБ-ийг 7200 ам.долларт хүргэсэн, Монгол Улсын эдийн засаг 90 их наяд ам.долларын эдийн засагтай орон болж, олон улсад эдийн засаг тогтвортой улс орон хэмээгдэх болсон гэж Шадар сайд тэмдэглэв.
Манай улс өнөөгийн нөхцөлд эрчим хүчний нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж байгаа ба өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байх түвшинд хүрсэн аж. Мөн түлш шатахууны дотоодын бэлэн байдлыг ойрын хугацаанд яаравчлан хангахгүй бол манай улсын хамгийн эмзэг цэг дээрх салбарууд болоод буй. Иймд эрчим хүчний салбарын хөгжлийг түргэтгэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай.
Мөн хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, аливаа төрлийн стратегийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтад онцгой анхаарч ажиллахаа Шадар сайд хэллээ.
Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөлийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж буй. Тус зөвлөлийн хурал өнөөдөр болж Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм.
Нийтэлсэн огноо2026-03-24





