УИХ-ын дарга сонгогдтол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай төслийг хэлэлцэхгүй www.news.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас дээрх хуулийн төслийг УИХ-ын шинэ дарга сонгогдтол хэлэлцүүлгээс хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байна. Иймээс төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД:
Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан юм.
МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болсон тул УИХ-ын даргыг шинээр тодруулах шаардлага үүсээд буй.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-04-01





