“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авчээ www.news.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2026.03.30/ Соёлын төв өргөөнд болж, хотын дарга Х.Нямбаатар алдагдсан өмч болох “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авсныг мэдээлжээ.
Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд бүрэн буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэнийг мэдэгдээд, цаашид өмчөө эзний байр сууринаас удирдан ажиллах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн Соёлын төв өргөөний нэг корпусыг "Сод Монгол Групп" ХХК-иас буцаан авах бөгөөд цаашид нийслэлээс алдагдсан бусад өмчүүдийг ч эргүүлэн авахаа илэрхийлсэн байна.
НИТХ-ын шийдвэрийн дагуу хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээгээд байсан юм. Түүхийг сөхвөл, 2007 онд НИТХ-аас уг зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан 75 хувийг “Хар дун” компанид, 25 хувийг нийслэлд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч энэ шийдвэрийг 2012 онд гурван шатны шүүхээс хууль бус гэж үзсэн байдаг.
Үүний дараа 2018 онд НИТХ-аас “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг нийслэлийн өмчид буцаан авах шинэ тогтоол гаргасан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байв. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай холбогдох аж ахуйн нэгжид биечлэн мэдэгдэл хүргүүлээд байсан юм.
“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшдэг бөгөөд тус компанийн эцсийн эзэмшигч нь Н.Батшугар юм. Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн тайлбартаа “Өргөө” зочид буудлыг нийслэлд шилжүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн мэдээлснээр “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлсний дараа дуудлага худалдаагаар худалдан борлуулж, олсон орлогыг 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод зарцуулахаар төлөвлөжээ.
Нийтэлсэн огноо2026-03-31





