Дизель түлш сар хүрэхгүйн нөөцтэй байна www.news.mn
Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ Бямба гаригт Засгийн газрын анхны хуралдааныг хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч өнөөдөр (4/4) хуралдахгүй, ирэх Даваа гаригт болжээ.
Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх болов уу гэх хүлээлт бий. Учир нь, Ойрхи Дорнодод үүссэн мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ нэмэгдсэнээр ОХУ-аас Монгол Улсад импортлогддог АИ-92-оос бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүний үнэ энэ сард нэмэгдсэн үнээр орж ирж байгаа тул түүнийг дагаад шатахууны үнэ литр тутамдаа 5300 орчим төгрөг болж нэмэгдэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ одоо зах зээлд 1 литр шатахуун 4500 төгрөгөөр зарагдаж байгаа.
Эдийн засагчид Засгийн газраас шатахууны үнэд татварын бодлогоор зохицуулалт хийж, хэт өндөр үнэ тогтоохгүй байхад анхаарах ёстой. Дээрх арга хэмжээг авахгүй бол эдийн засагт шок үүсгэх эрсдэлтэй гэдгийг сануулсаар байгаа юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Засгийн газрын хувьд шатахуун тасалдуулахгүй байхад анхаарал хандуулж байна. ОХУ-тай байнгын харилцаатай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 42 хоногийн, дизель түлш сар гаруй хүрэлцэх нөөцтэй байна. Энэ жилдээ багтаад шатахуун нөөцлөх 150 мянган м3 савыг ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Цаана нь 140 мянган тонны сав барих ажил ирэх жил хийгдэж дуусна. Одоогоор "Улаанбаатар төмөр зам"-ын хэмжээнд 1300 гаруй вагон цистернийг шатахууны агуулах хэлбэрээр ашиглаж өртөө зөрлөг бүхэн дээр байрлуулаад байна.
Хаврын тариалалтад 7500 тонн дизель түлш шаардлагатай байгаа. Салбар яамнаас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоны үндсэн дээр 10 мянган тонн түлшийг хямд үнээр буюу 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж татан авалтаа хийж эхлээд байна.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-04-05





