"Рио Тинто"-д менежментийн төлбөрийг бууруулах сонирхол алга www.eguur.mn
"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал шинэхэн албан тушаалдаа очоод удаагүй байхдаа Монголд, "Оюу Толгой"-д очиж ажиллах үеэр нь Австралийн Холбооны Амбан захирагч Саманта Мостин ч мөн манай улсад айлчилж таарсан. Мөн л "Оюу Толгой"-н гүний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, Монгол-Австралийн хамтын түншлэлийн хамгийн сайн жишээгээр нэрлэж байв.
"РИО ТИНТО"-гийн дэмжлэг ТОМ
"Рио Тинто" ойрын ирээдүйд стратегийн чиглэлээ зэс рүү эргүүлж, 2030 он гэхэд нэг сая тонн зэс үйлдвэрлэх зорилт тавиад зогсохгүй, энэ онд 800-870 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө зарласан. Ингэхээр "Рио Тинто"-гийн хувьд "Оюу Толгой" бол яалт ч үгүй чухал гэдгийг, үүнийг нь Австрали улс ч төр засгийн түвшинд ижил байдлаар ханддаг гэдгийг илэрхийлж буйг тус улсын Амбан захирагчийн Монголд айлчилсан байдлаас харагддаг.
Яг одоогийн улс төрийн нөхцөл байдлыг харвал С.Баярцогт улс төрийн сөрөг хүчний генсек болсон нь цаагуураа Ерөнхийлөгчид АН дотроос дэндүү ойр байсан түүний хувьд "Рио Тинто" дээр сөрөг хүчний байр суурь ямар байхыг зураглаж, байгааг дуулгаж чадах. С.Баярцогт бол "Оюу Толгой"-н гэрээний авторуудын нэг. Австралийн Амбан захирагч Монголд ирэхдээ зүгээр ч гүний уурхайгаар орж, "Рио Тинто"-гийн шинэхэн Гүйцэтгэх захиралтай тааралдчихсан юм биш. Энэ бол "Оюу Толгой"-н гэрээний асуудлаарх Хянан шалгах хороог аль 6-р сард нь О.Батнайрамдал байгуулна гээд УИХ-ын 126 гишүүний 88-ынх нь саналыг нэгтгээд УИХ-аас тогтоол гаргуулчихсны дараах үйл явдал. Сонсголын асуудал өндрийг авахыг "Рио Тинто" мэдэж байсан учир тэд Монголд нэг л зорилгоор ирсэн нь Ерөнхийлөгчтэй уулзах байв.
Учир нь Саймон Тротт Монголд ирсэн мөртлөө "Оюу Толгой"-н гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газрын төлөөлөлтэй уулзаагүй. Харин тэр өөрийн улсын Амбан захирагчтай Монголд уулзсан бол Саманта Мостин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй айлчлалын хүрээнд уулзах үеэрээ "Австрали, Монголын түншлэлийн хүчирхэг байдлын талаар нээлттэй ярилцаж, Оюу Толгой бол энэ түншлэлийн хамгийн тод жишээ гэдэгт санал нэг байгаа. “Рио Тинто группийн олон жилийн турш хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт, Австралийн олон зуун уул уурхай, инженерийн компаниудын туршлага, ур чадварыг ашиглан бүтээсэн энэ уурхайг монголчууд өөрсдийн ирээдүйн төлөө байгуулсан" гэх үгийг хэлсэн. Мөн улсынх нь Амбан захирагч, томоохон группийн гүйцэтгэх захирал хоёр Монголд айлчилж байгаа талаар Австралийн хэвлэлд "Рио Тинто болон Монголын талын хурцадмал байдлыг намжаах, харилцааг зөөлрүүлэх хүлээлттэй байна" гэх зэргээр бичиж байв.
Ийн харвал тэд ерөөс сонсголын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн байр суурь, ирээдүйд үүсэх нөхцлийг хурцатгахгүй байх тал дээр улсын төрийн тэргүүний дэмжлэгийг олж авах сонирхол байсан нь харагдана.
ИМИЖ-ийн ардах ХЭЛЭЛЦЭЭ
Сонсголоос гарсан тогтоолын дагуу Монгол Улс "Оюу Толгой" орд дахь 34 хувийн эзмшлээ 60 хувь хүртэл нэмэгдүүлэх, хүүгийн төлбөрийг үе шаттай бууруулах, "Онтрэ"-гийн хоёр лиценз дээр хувь эзэмшиж, түүнийгээ АМНАТ-өөр орлуулах зэрэг тодорхой шаардлагуудыг нь тавьсан нь "Рио Тинто"-гийн шуудхан хүлээж авах санал биш гэж тэд үзсэн.
Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй. Түүнчлэн менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах байр суурь дээрээ Монголын тал зогссоор байгаа ч Рио Тинто талаас мөн л хүлээж аваагүй. Хэдийгээр хоёр талын хэлэлцээ энэ оны 1-р сарын 31-ээр дуусгавар болсон ч оны эхний хагас хүртэл ерөнхийдөө талууд ойлголцолд хүртлээ үргэлжлүүлэхээр болсон.
Энэ хооронд "Рио Тинто" Засгийн газрыг тойглох, ингэхдээ улс төрд оноо авах өндөр сонирхолтой Ерөнхий сайдтай нь тулж ажиллах арга замыг сонгосон. Өөрөөр хэлбэл "Оюу Толгой"-д тавьсан татварын актаас үүдэлтэй 1.6 их наяд төгрөгийг Төрийн сан руу шилжүүллээ, "хэлэлцээ нааштай явж байна" гэх мессежийг ч олон улсын хэвлэлүүдэд өгч монгол хүнээр төслийг удирдуулах, гэх мэтээр наад талдаа 75-аараа бууж өгөөд байгаа мэт харагдавч, сайжруулахаас аргагүй олон асуудал дагуулсан анхны хөрөнгө оруулалтыг гэрээг өөрчлөх сонирхол бага гэдэг нь хэлэлцээ хэр удаан процессоор явж байгаагаас харж болно.
Гэтэл хөшигний ард "Онтрэ"-гийн хоёр лиценз дээр Монголын тал хувь эзэмшвэл АМНАТ-өөр орлуулах тухай асуудал хөвөрсний араас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Энд зарим нэр төрлийн ашигт малтмалд АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулах, баяжуулах үйл ажилалагааны зохицуулалтыг тодорхой болгох зэргээр зэсийн салбар руу чиглэсэн, том утгаар нь харвал одоогийн Рио Тинто талд ашигтай хуулийн төслийг лоббидож яваа. Мөн менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах гэсэн Монголын талын шаардлагыг боловсруулж, танилцуулъя гэснээ дүрийг нь өөрчлөөд өгөөжгүй хувилбар барьж орж ирснээр манай талаас хүлээж авахгүй гэдэг хариуг илэрхийлсэн. Засгийн газрууд дараалан огцорсон, бодлогын залгамж муу Монголд тэд улс төрийн хамгийн өндөр эрх мэдэлтэй рүү нь чиглэсэн улс төрийн тоглолт хийсээр ирсэн нь энэ удаад ч давтагдаж магадгүй.
Ингэхдээ олон нийтийн өмнө хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан мэтээр харагдуулах хэлцлийг хийсэн болж, араар нь хуулийг өөрчлөх замаар өөрсдөд өгөөжтэй нөхцлийг бий болгохыг үгүйсгэх аргагүй.
Ямар ч байсан тэд манай талын саналыг хүлээж авах сонирхол алга. Гэлээ гээд Засгийн газар тогтоолын дагуух шаардлагаасаа ухарвал бид цаашид ч өгөөж хүртэх тухай ярих боломжгүйгээр хавханд орно гэсэн үг.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-05-12





