Монгол, БНХАУ-ын хамтарсан үйлдвэрлэл, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлнэ www.news.mn
БНХАУ-ын Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс нь 18 га талбайд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангажээ.
Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хүнсний худалдаа, хил орчмын аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байгаа аж. Цаашид эдгээр салбарыг долоо болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцэд одоогоор 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус бүсийг авто болон төмөр замын тээврийг түшиглэсэн хуурай замын жишиг худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс болгох зорилт тавьсан талаар Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин онцлов.
Тэрбээр, энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын Замын-Үүдийн чөлөөт бүстэй нягт хамтран ажиллаж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлэв. Мөн 2027 он гэхэд Эрээн болон Замын-Үүдийн чөлөөт бүсийг холбосон авто замын дэд бүтцийг бүрэн холбохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд хоёр талын уулзалтууд тогтмол үргэлжилж буй аж.
Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсний дараа 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ Хятадын талд хүргүүлжээ. Харин Монголын талын Замын-Үүдийн чөлөөт бүсэд одоогоор татваргүй барааны худалдааны чиглэлээр цөөн аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.
БНХАУ-ын талын үзэж буйгаар Замын-Үүдийн чөлөөт бүсийг зөвхөн худалдааны бус, хоёр улсын хамтарсан үйлдвэрлэл, худалдааны цогц төв болгон хөгжүүлэх шаардлагатай болохыг тодотгов. Эрээн хотын чөлөөт бүс нь жилд 6 сая тонн ачаа эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.
БНХАУ-д нийт 23 худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байдгаас Эрээн хотынх нь ӨМӨЗО-ны гурван том чөлөөт бүсийн нэг юм. Тус бүс нь хил орчмын худалдаа, ачаа тээвэр, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүстэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг БНХАУ-ын тал удаа дараа онцолж байв.
Албаныхны мэдээлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийн 80 хувь, зорчигч тээврийн 70 хувь нь Замын-Үүд–Эрээн боомтоор дамжин өнгөрдөг байна. Цаашид Эрээн боомт нь чөлөөт бүстэйгээ уялдан төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж, Тяньжинь, Таншань боомтоос ирэх ачаа тээврийг Монгол, Оросоор дамжуулан Европ руу хүргэх гол зангилаа болохоор төлөвлөжээ.
Нийтэлсэн огноо2026-05-12





