Засгийн газарт эрх олгох тухай буюу БЭТ томилдог хуулийг хүчингүй болгов www.itoim.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болгох хуулийг эцэслэн баталлаа. ТУс хуулийг 1991 онд баталсан бөгөөд 2019 оноос хойш буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буцаан хэрэглэж төрийн өмчийн хэд хэдэн компанид онцгой дэглэм тогтоон БЭТ томилж байсан.
Тэгвэл дээрх хуулийг хүчингүй болгосноор Засгийн газар дахин БЭТ томилох боломжгүй болж байгаа юм. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтэц болон төрийн оролцоотой компаниудад онцгой дэглэм тогтоохтой холбоотой өмнөх эрх зүйн тодорхойгүй байгууллагын үйл ажиллагааг илүү бие даасан байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Энэхүү өөрчлөлт нь хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох, мөн бизнес эрхлэгчдийн дунд үүссэн эрх зүйн тодорхойгүй байдлыг бууруулах зорилготойг онцолсон байна. Түүний хэлснээр, өмнөх зохицуулалтыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэглэх нь эрх зүйн зөрчил, давхардал үүсгэх эрсдэлтэй байсан аж. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын удирдлагын шийдвэр гаргалт илүү ил тод, хариуцлагатай болох, зах зээлийн зарчимд тулгуурласан засаглал бэхжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-06-07





