Газрын тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн талбайд буулгалаа www.montsame.mn
Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын зарим техник, тоног төхөөрөмж, технологийн багц байгууламжуудыг үйлдвэрийн ажилтнууд үйлдвэрийн талбайд буулгаж байна.
Өчигдөр Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн вакуум нэрлэгийн цамхагийг (VDU Column) Арабын тэнгисийн Мумбайн боомтоос далайгаар тээвэрлэж БНХАУ-ын Тяньжин боомтод буулган, хүнд даацын ачааны машинаар Дорноговь аймаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд амжилттай авчиржээ. Харин хоёр сарын өмнө атмосферийн нэрлэгийн цамхагийг (CDU Column) үйлдвэрийн талбайд хүлээн авч байв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь барилга байгууламжуудын технологийн төвөгшил, ажлын логик дэс дараалал, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзсаны үндсэн дээр бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм.
Үүнд: EPC 01 буюу технологийн бус барилга байгууламж, EPC 02 буюу анхдагч технологийн болон дагалдах, туслах, хангамжийн байгууламжууд, EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станц, EPC 04 буюу лицензтэй технологийн байгууламжууд орж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилийн 1.5 сая тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт билээ.
Олон салбар дамнасан, цогц үйл ажиллагааг хамрах энэхүү бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн инженерчлэлийн ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орны олон тооны инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна.
Эрдэнэбулган.Х
Нийтэлсэн огноо2026-07-29





