Засгийн газар: Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний татварыг тэглэж, нээлттэй гаалийн бодлого хэрэгжинэ www.itoim.mn
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн шатахууны хомсдолыг хэрхэн даван туулах, нөөц бүрдүүлэлтийг сайжруулах хүрээнд төсөвт байгууллагуудын зардлыг эрэмбэлэхээр болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг гурван үе шаттай эрэмбэлж, эхлээд зайлшгүй гарах ёстой зардлыг гаргана. Зардлыг эрэмбэлэх асуудлыг манай яам хариуцаж, ойрын хугацаанд тодорхой болгоно. Нэн тэрүүнд шатахуун болон махны нөөц бүрдүүлэлтэд хөрөнгө зарцуулна. Мөн гурил болон гурилан бүтээгдэхүүний нөөц бэлтгэлийг хангах хүрээнд улаанбуудайн нөөц бэлтгэнэ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Ерөнхий сайдын тушаалаар шатахууны хангамж, нөөцийг сайжруулах Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Хүртээмжийг сайжруулах асуудалд анхаарч, иргэд олон нийтийн дунд дахь бухимдлыг бууруулах чиглэлд ажиллаж байна. Улаанбаатар хотод наймдугаар сарын 15 хүртэл автомашины дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгож, нэг удаадаа 50 мянган төгрөгөөр цэнэглэх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд шатахуун түгээх станцууд дээрх оочир буурч, иргэдэд очих шатахууны хүртээмж нэмэгдсэн үр дүн гарч байна.
Шатахуун түгээх станцуудад түгээлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд шатахуун шинээр цэнэглэсний дараа түгээх станцууд 12 цагийн дараа хэрэглэгчид олгох заалттай байдаг. Түгээх станцууд дээрх оочир дарааллаас болж дараагийн цэнэглэлт болох хүртэл энэ горим алдагдаж байсан ч дээрх арга хэмжээг авснаар ШТС-уудын цэнэглэлт өдрөө дааж, хэвийн болсон. Цаашид шатахуун түгээх станцууд дээрх оочирлолтыг гаргадаг аппликейшныг ашиглахаар ажиллаж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр тогтоол батлагдлаа.
Нэгд, дэлхийн нөхцөл байдал хүнд байна. Манай улс шатахууныхаа 97 хувийг ОХУ-аас авдаг. Өнөөдрийн байдлаар 200 орчим ААН шатахуун ипмпортлох зөвшөөрөлтэй ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирж чадаж байна. Шатахууны импортын зөвшөөрлийг бүгдэд нээлттэй болгооч гэдэг асуудлыг тавьж байна. Бид нээлттэй гаалийн бодлого явуулах чиглэлээр Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай явуулах нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж байна. 10, 100, 200, 50 литрээр нь ард иргэд боломжтой бол оруулж ирж болно гэсэн үг. Стандарт, аюулгүй байдлаа хангаад оруулж ирэхэд Гаалийн байгууллага хүндрэл үүсгэхгүй байх чиглэлийн зохион байгуулах үүрэг чиглэлийг өглөө.
Хоёрт, бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж байна. Монгол Улсын бүх боомтод үйлчилнэ. БНХАУ-аас авч байгаа шатахуун ОХУ-аас авч байгаа үнээс хоёр дахин өндөр өртөгтэй байгаа. Нэг литр АИ-95 автобензин 5600 төгрөгийн өртөгтэй орж ирэхээр байгаа. Засгийн газрын баримталж байгаа бодлого бол шатахууны хангалтыг тогтмолжуулна. Харин үнэ тарифтай холбоотой асуудлыг одоогоор ярих ямар ч боломж алга. Олдож байгаа газраас нь газрын тосны бүтээгдэхүүн авна. БНСУ-тай дипломат уулзалт хийж, аж ахуйн нэгжүүд хоорондоо хамтын ажиллагаа тогтоож, урьдчилсан байдлаар нийт хэрэглээнийхээ 20 хувьтай тэнцэх газрын тосны бүтээгдэхүүн авахаар тохиролцсон. Бусад улс орнуудтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ байнга хийж байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-08-05





