Guardian: COP17 хурлын үеэр 12 тэрбум долларын санхүүжилтийн зарцуулалтыг шийднэ www.itoim.mn
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын өргөн уудам нутагт агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч болзошгүй халалт үргэлжилж, Хойд Америк, Европт ой хээрийн түймэр дэгдэн, Ази даяар сая сая хүн хэт халалтын нөлөөнд өртөж байна. Энэ үед НҮБ-ын цөлжилттэй тэмцэх асуудлаарх хоёр жил тутамд болдог бага хурлын ач холбогдол улам нэмэгдэж байна.
Монгол Улсад болж буй COP17 хурлаар олон орны төлөөлөгчид цугларч, уур амьсгалын өөрчлөлт, ган, газрын доройтлын эрсдэлтэй тэмцэхэд эмзэг улс орнуудад олгохоор амласан 12 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хэрхэн хуваарилах асуудлыг хэлэлцэж эхэлнэ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын хэлснээр наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод эхэлсэн COP17 хурал нь олон талт хамтын ажиллагаанд эерэг дохио өгөх зорилготой юм.
Энэ удаагийн хурлын гол зорилго нь хоёр жилийн өмнө амласан хэдэн тэрбум ам.долларын санхүүжилтийг хөгжиж буй орнуудын хэрэгжүүлэх бодит төслүүдэд зарцуулах явдал юм.
Ган, газрын доройтол хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна
Дэлхийн улс орнууд түүхэн дээд хэмжээнд хүрсэн хэт халалт, усны хомсдолоос үүдэн ургац буурч, хүнсний үнэ өсөх эрсдэлтэй нүүр тулж байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоогоор одоо үүсэж буй “супер Эль-Ниньо” цаг уурын үзэгдлийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэх хүмүүсийн тоо дахин 50 саяар нэмэгдэх эрсдэлтэй.
Газрыг сэргээх, гангийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүд өнөөг хүртэл хангалттай санхүүжилт авч чадаагүй бөгөөд хэрэгжилт нь ч сул байсан гэж НҮБ үзэж байна. Гэвч улс орнууд энэ эрсдэлийг улам бүр ойлгож эхэлснээр нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байгааг Фуад онцолжээ.
“Бидний хэлэлцүүлгийн гол цөм нь хүнсний аюулгүй байдал. Газрыг сэргээх ажилд хэдий чинээ их анхаарна, төдий чинээ хүнсний аюулгүй байдлыг хангах үржил шимтэй хөрстэй болно. Ийм ойлголт санхүүжилтийн санаачилгуудын нэг хэсэг байх ёстой” гэж тэрээр хэлжээ.
Цөлжилттэй тэмцэх асуудалд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь 1992 онд Рио-де-Жанейро хотод болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан байгаль орчны гурван том гэрээний нэг юм. Нөгөө хоёр нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болон Биологийн олон янз байдлын тухай конвенц юм.
Гэвч сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд цөлжилттэй тэмцэх конвенц нь эдгээр гурван гэрээний дундаас хамгийн бага анхаарал татаж, ахиц дэвшил харьцангуй бага гарсан гэж үздэг. Харин энэ байдал өөрчлөгдөж байна.
Тухайлбал, Саудын Араб улс UNCCD-ийн томоохон дэмжигчдийн нэг болжээ. Тус улс 2024 онд UNCCD-ийн COP16 хурлыг зохион байгуулж, цөлжилттэй тэмцэх зорилгодоо хэдэн зуун сая ам.долларын санхүүжилт амласан байна. Мөн АНУ Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээр болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоос гарах шийдвэр гаргасан ч UNCCD-ийн гишүүн хэвээр байна.
Саудын Арабын Байгаль орчны дэд сайд Осама Факиех “Газрын доройтол, ган нь хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар болон дэлхийн хүн амын бараг тал хувийн сайн сайхан байдалд ноцтой нөлөөлж байна” гэдгийг онцолсон байна.
12 тэрбум ам.долларын санхүүжилтийг 74 улсад зарцуулна
Наймдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх COP17-ын гол асуудлын нэг нь “Риядын дэлхийн гангийн тэсвэржилтийн түншлэл”-ийг бодитоор хэрэгжүүлэх явдал байх аж.
Саудын Арабын удирдлага дор 2024 онд байгуулсан уг түншлэл болон холбогдох санаачилгуудын хүрээнд улс орон, байгууллагууд гангийн эрсдэлд өртсөн 74 улсад туслах зорилгоор долоон жилийн хугацаанд 12 тэрбум ам.доллар зарцуулахаар амласан байна. Гэвч энэ мөнгө шаардлагатай нийт санхүүжилттэй харьцуулахад бага юм. UNCCD-ийн тооцоолсноор энэ арван жилийн эцэс гэхэд газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг зогсоох, гангаас хамгаалах, хөрсийг сэргээхэд нийт 2.6 их наяд ам.доллар шаардлагатай байгаа аж.
Гэсэн ч 12 тэрбум ам.долларын амлалт чухал алхам болох бөгөөд дэлхийн байгаль орчны санхүүжилтийн шинэ эх үүсвэр болж болохыг Фуад онцолжээ. Тэрээр “70 гаруй улс гангийн менежментийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Одоо эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит төслүүд болгон хувиргах шаардлагатай” гэв.
Ийм төслүүдэд усалгааны системийг шинэчилж, үр ашгийг нь нэмэгдүүлэх, ганд тэсвэртэй ургамал тариалах, тариаланчдад зориулсан борооны ус хуримтлуулах байгууламжийг сайжруулах зэрэг ажил багтаж болно.
Одоогоор амласан 12 тэрбум ам.долларын бүх санхүүжилт төр, засгийн газар болон төрийн байгууллагуудаас гарах бөгөөд цаашид хувийн хэвшлээс нэмэлт хөрөнгө татах ажил хийгдэж байна. Фуадын хэлснээр ус, газар тариалангийн нөөцөөс ихээхэн хамааралтай хүнсний болон нэхмэлийн үйлдвэрлэлийн компаниуд энэ үйл явцад оролцох ёстой аж.
Нидерландын газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажилладаг Commonland байгууллагын сурталчилгаа, нөлөөллийн асуудал хариуцсан захирал Лили Максвелл-Лвин хөгжингүй орнууд ядуу орнуудын гангийн эрсдэлийг бууруулах, газрыг сэргээхэд зориулсан санхүүжилт нь өөрсдөд нь ч ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй гэжээ.
Түүний хэлснээр газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш бөгөөд хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний дарамт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд шууд заналхийлдэг тул газрын нөхөн сэргээлтэд зориулсан санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бусад арга хэмжээний санхүүжилттэй адил түвшинд хүргэх шаардлагатай байна.
Эх сурвалж: https://www.theguardian.com/environment/2026/aug/17/spotlight-on-un-cop17-desertification-summit-mongolia
Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-19





