Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төсөл хэрэгжүүлнэ www.montsame.mn
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь” сэдэвт салбар хуралдаан болов.
Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үг хэлсэн байна.
Тэрбээр “Усны хомсдол бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээс илүүтэй, хомсдолоос яаж сэргийлэх вэ гэдэг асуулт бидний бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр дэлхийн олон хотод энэ сорилт тулгарч байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл усны хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, газрын доройтол, хур тунадасны гормын өөрчлөлт, хөрсний ус шингээх болон хадгалах чадавхын бууралт усны байгалийн эргэлт, нөхөн сэргээлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, усны эрэлт өсөж байхад байгалийн нөхөн сэргэлт, хүртээмж буурч байгаа юм. Ус бол хотын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин, улмаар хотын хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой суурь нөөц билээ. Улаанбаатар хотын ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газрын доорх усны нөөцөд түшиглэдэг бөгөөд хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дагаад усны хэрэглээ нэмэгдсээр байна. Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны эргэлтийн системийг сайжруулах зорилго, зорилтуудын биелэлтийг хангах хүрээнд голууд дээр тохируулгатай усан сан барьж, гадаргын усны эх үүсвэрээс унд ахуйн ус хангамжийг хангах, болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг төсөл хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нөхцөл шаардлага жилээс жилд нэмэгдэж байгаа. Тулгамдсан энэхүү асуудлыг аливаа хот дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс хот, бүс орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа чухал” хэмээн ярилаа.
Дэлхийн банкны 2026 оны үнэлгээнд Улаанбаатар хотын гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт нэмэгдэж, ашиглах хэмжээ нь уст давхаргын нөхөн сэлбэгдэх хурднаас хэтэрснийг онцолсон. Тиймээс хур тунадас, үерийн усыг зөв менежментээр удирдаж, боломжит нөөц болгон ашиглах шаардлагатай байгаа энэ үед манай улс Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлээд гарсан усыг дахин цэвэршүүлэх “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан билээ. Үр дүнд нь эрчим хүчний салбарт жилд 18 сая хүртэлх шоо метр гүний усыг хэмнэх боломж бүрдсэн юм.
Нийтэлсэн огноо2026-08-28





