Америкийн виз олголтыг дэлхий даяар зогсоожээ www.montsame.mn
АНУ-ын визний ярилцлагад орох үйл явцыг Трампын засаг захиргаа дэлхий даяар түр зогсоожээ. Энэ тухай Republic сонинд бичсэнийг эш татан Вашингтон дахь Kazinform агентлагийн тусгай сурвалжлагч мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, энэ шийдвэр нь виз авахаар хүсэлт гаргагчдыг шалгах ажиллагааг чангатгах зорилготой ажээ. АНУ-ын Төрийн департаментаас дэлхийн улс орнууд дахь АНУ-ын элчин сайдын яамдууд, консулын газруудад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Визний хүсэлт хүлээн авах хуваарийг сургалтын хөтөлбөрийн явцыг харгалзан үзсэний үндсэн дээр шинэчлэн гаргана.
Ярилцлагад орох тов нь тодорхой болсон байгаа хүмүүст цахим шуудангаар нь мэдэгдэл илгээж, ярилцлагыг хойшлуулсан талаар болон шинэ товыг мэдээлэх ажээ.
Трампын засаг захиргаанаас цагаачлалын хяналтыг чангатгаж буй үед энэхүү арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд виз болон ногоон карт авахаар хүсэлт гаргасан хүмүүсийг илүү нухацтай шалгах, дүрвэгсдийг хүлээн авах журмыг эргэн харах юм.
Өмнө нь мэдээлснээр, гадаадын 200 мянган иргэний цагаачлалын бус визийг Трампын засгийн газар цуцалжээ.
Нийтэлсэн огноо2026-08-27





