Хятадын улс төрийн шахалт Монголын нүүрсний экспортод нөлөөлөв үү www.itoim.mn
Монгол Улсын экспортын бараг 90 хувь Хятад руу, импортын дөрөвний нэг орчим ОХУ-аас хамаардаг. Ийм нөхцөлд хоёр хөрштэй харилцах харилцаанд гарсан аливаа зөрчил эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Дорнод аймгийн Матад суманд Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа Фойсон Энержи” компанийн ажилчдын эрх ашигт халдсан хэрэг гарсан. Үүнээс хоёр хоногийн дараа БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзаж, Хятадын аж ахуйн нэгж, ажилчдын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.
Сонирхолтой нь, энэ үйл явдлын дараа Ганцмод боомтын нүүрс тээвэр огцом буурсан байна.
Хятадын нүүрсний салбарын мэдээллээр наймдугаар сарын 10–12-нд Ганцмодоор өдөрт дунджаар 1,379 нүүрс тээврийн автомашин нэвтэрч байсан бол 17–23-нд 590 болж, өмнөх долоо хоногоос 44 хувиар буурчээ. Энэ огцом бууралт наймдугаар сар дуустал үргэлжилсэн байна.
Мөн энэ үеэр Хятадын коксжих нүүрсний зах зээлд үнэ өссөн. Наймдугаар сарын 17-28-нд Хятадын Анзе бүсийн дотоодын коксжих нүүрсний спот үнэ тонн тутамд 357.1 ам.долларт хүрсэн нь долдугаар сарын эцсээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт байв. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөж, нийлүүлэлтийн эрэлт өндөр байсан үед Монголын нүүрсний тээвэр саарсан байна.
Энэ нөхцөл байдлын цаана улс төрийн хүчин зүйл байсан эсэх асуудал наймдугаар сарын сүүлчээр болсон төрийн дээд түвшний уулзалтаар ч анхаарал татсан юм.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахад Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгджээ. Ши Жиньпин Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг үр дүнтэй хамгаална гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Тэгэхээр Дорнодод гарсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаатай холбоотой маргаан нь зөвхөн дотоодын хууль, цагдаагийн асуудлаар хязгаарлагдалгүй, хоёр улсын Засгийн газар болон төрийн тэргүүн нарын түвшинд яригдсан нь тодорхой болов.
Харин уг үйл явдалтай давхцан Монголын нүүрсний тээвэрлэлт огцом буурсан нь Хятадын зүгээс улс төрийн шахалт үзүүлсэн үү гэсэн асуултыг дагуулж байна. Дээр дурдсан хоёр үйл явдлын цаг хугацааны давхцал, Хятадын талын дараалсан мэдэгдэл, улмаар төрийн өндөр түвшний уулзалтаар уг асуудлыг хөндсөн байдлыг харвал, нүүрсний тээвэрлэлтийн сааралт нь Хятадын талын сануулга, шахалтын дохио байж мэдэхээр байна.
Монголын хувьд экспортынхоо дийлэнхийг ганц зах зээлд төвлөрүүлж буй нөхцөлд ийм эрсдэл дахин үүсэхээс сэргийлэхийн тулд хоёр хөрштэй харилцах харилцаа төдийгүй экспортын зах зээлээ төрөлжүүлэх асуудал улам бүр чухал.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-09-03





