Хүүхдийн тэтгэмжээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй 82 хүнийг баривчилжээ www.gogo.mn
Энэ оны эхний найман сарын байдлаар хүүхдийн тэтгэмжээ шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд гурван сараас дээш хугацаагаар төлөөгүйтэй холбоотой 188 зөрчил бүртгэгджээ. Үүнээс 182 хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, зургаан хэргийг шалгаж байна.
Шүүхээс 157 хүнд шийтгэл оногдуулснаас 75 хүнийг торгож, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчилд холбогдогчдын 154 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байжээ.
Насны хувьд:
18-25 насны гурав,
26-35 насны 48,
36-45 насны 87,
46-55 насны 19 хүн байна.
Өөрөөр хэлбэл, шийтгэл хүлээсэн иргэдийн дунд 36-45 насныхан хамгийн олон буюу 87 хүн байгаа юм.
Хүүхдийн тэтгэмжээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байна.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар
Нийтэлсэн огноо2026-09-07





