Оюу толгойгоос авах 3 их наядын 2-оор ДЦС барьж, нэг их наядыг иргэдэд тараана www.itoim.mn
Засгийн газар Оюу толгойгоос анх удаа ногдол ашиг авахаар хэлэлцээр хийж байгаа. Энэ ондоо багтаан авах ногдол ашгийг ирэх оны төсвийн орлогод нэмж тооцон УИХ-д өргөн барьсан.
2027 оны улсын төсөвт Оюу толгойгоос авах ногдол ашгийг хоёр их наядын орлого гэж оруулсан бөгөөд уг санхүүжилтээр хөгжлийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр тусгажээ. Харин нэг их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулах хуулийн төслийг 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьжээ.
Тодруулбал, 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ Оюу толгойгоос авах ногдол ашиг нэг их наяд бөгөөд Хуримтлалын сангийн орлого гэж тусгажээ. Тиймээс эрх баригч нам нэг их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд тараахаар төлөвлөж байгаа бололтой. 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Тиймээс эрх баригч нам хоёр том сонгуульд ялалт байгуулахын тулд Оюу толгойгоос авах ногдол ашгийн нэг их наядыг иргэдэд тараахаар хуулийн төсөлдөө ч тусгажээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд:
5 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 7,417,524.4 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2027 оны төсвийн жилд 3,277,853.9 сая төгрөгийг хуримтлуулна.
6 дугаар зүйл.Хуримтлалын сангийн үлдэгдэл 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1,396,747.8 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2027 оны төсвийн жилд 1,702,353.6 сая төгрөгийг хуримтлуулна.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-09-06





