Б.Найдалаа: Оюу толгойн эрчим хүчийг дотоодоос хангах ажлыг зориуд улстөржүүлж, гацааж байна www.itoim.mn
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон Оюу толгойн эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Сүүлийн үед эрчим хүчний салбартай холбоотой улстөржүүлэх, буруу мэдээлэл өгөх, эрчим хүчний салбарыг санаатай гүтгэх мэдээллүүд явж байна. Эрчим хүчний салбар улстөржих салбар биш. Хуулийн дагуу Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих бодлогын хүрээнд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Таван аймагт амжилттай зохион байгуулж, оролцсон компаниуд бүгд сэтгэл хангалуун байсан. Монголын эрчим хүчний түүхэнд шинэ үзэгдэл болсон. Цаашид мөн ижил зарчмаар таван багц газарт дуудлага худалдаа зохион байгуулна.
Эдгээр төслийн гол зорилго нь Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, дотоодын хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангахын зэрэгцээ орон нутгийн эрчим хүчний чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэж байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран Баян-Өлгий, Баянхонгор, Увс аймгийн Өмнөговь сум болон зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлж байгаа. Мөн говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр багц төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Оюу толгойн хэрэглээг 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл бол нөгөө нь Дундговь аймагт байгуулах 100 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл юм.
Оюу толгойн эрчим хүчний хэрэглээг одоогоор 100 хувь БНХАУ-аас импортлон хангаж байна. Үүнд жил бүр ойролцоогоор 140 сая ам.доллар төлдөг. Монгол Улсад байх 140 орчим сая ам.доллар гадагшаа урсаж байна. Энэ урсгалыг 2013 оноос хойш тасралтгүй явж байгаа. Энэ төслийг олон жилийн өмнө хэрэгжүүлсэн бол жил бүр 140 орчим сая ам.долларын орлого Монгол Улсад үлдэх боломжтой байсан. Улсаа хорлох, эсвэл улс төрийн зорилгоор юм уу тийм гацаагчдаас болоод Оюу толгойн эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг бий болгох ажил олон жил хойшилсны улмаас Монгол Улс нийтдээ 1.5 тэрбум орчим ам.долларын урсгалыг гадагш алдсан. Тиймээс Оюу толгойн эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах станцыг цаг алдалгүй барьж байгуулах нь зөв гэж үзэж байгаа” гэлээ.
Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-09





