Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5% орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тооцжээ www.ikon.mn
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч "Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан" гэлээ.
Мөн тэрбээр,Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэв. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч "бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална" гэв.
Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.
Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.
Нийтэлсэн огноо2026-09-30





