ТӨСӨВ 2027: Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ www.gogo.mn
УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ.
Ирэх онд эдийн засгийн өсөлтийг ирэх 5.8 хувьтай байхаар тооцож, 2026 оны 8-р сарын байдлаар 12.5 хувьд хүрч цойлсон инфляцийг ирэх онд 8 хувь руу оруулах өөдрөг төсөөлөлтэй байна. Засгийн газар ирэх оны төсвийг боохдоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бодит худалдан авах чадварыг хамгаалахыг зорилго тавьсан ба УИХ-аар мөн хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотгол ч үүнд чиглэж байна.
2026 оны 3-р сард 7.3 хувьтай байсан инфляци 8-р сарын байдлаар 12.5 хувьд хүрсэн. Инфляци мах, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр өдөөгдөж иргэдийн худалдан авах чадварыг сулруулж байна гэсэн онош дээр Сангийн яам, Монголбанк санал нэгджээ. Тиймээс Засгийн газар ирэх онд иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж байна.
Тиймээс 2027 онд шинэ хөрөнгө оруулалтаас илүү эхлүүлсэн төслүүдээ эрэмбэлэн гүйцэтгэл сайтай, ашиглалтад орох боломжтой төслүүдээ санхүүжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг анх удаа ТӨК-иудын ногдол ашиг 3.5 их наяд, Оюутолгойн ногдол ашиг 3 их наяд буюу 6.5 их наяд, үүн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмж 12.9 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Засгийн газраас төсөв батлахдаа иргэдийн оролцоог хангахыг зорьж буй бөгөөд 2026 оны 3-р сарын 1-31-нийг хүртэл www.publicinvestment.gov.mn болон гар утасны апп-аар нийт 9540 хүн санал өгсөн байна.
Нийтэлсэн огноо2026-10-06





