Б.Пүрэвдагва: Хийн зуух төсөл өндөр өртөгтэй байгаа учраас удаан үргэлжлүүлэхгүй www.news.mn
Мэдээллийн эхэнд Сэлбэ төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар 8575 айлын орон сууц баригдаж байна. 2027 оны дөрөвдүгээр сард эхний блокууд ашиглалтад орж, борлуулалт эхэлнэ. Иргэддээ таатай, боломжийн үнээр борлуулахын тулд одоогоор санхүүгийн модель дээр нь ажиллаж байна. Тодруулбал, байр ашиглалтад орсноор нэг мвк нь 3.7-3.9 сая төгрөгийн үнэ яригдаж байгаа боловч “Сэлбэ ухаалаг хот” төслийн хувьд 5.5 сая төгрөгөөр зарж байж зардлаа нөхөхөөр байгаа. Тиймээс байрны үнийг илүү хямд байх арга замыг хайж байгаа. Ерөнхийдөө 3-4 хувилбарыг боловсруулсан байна. Эцэслээд иргэддээ зарлана, 5.5 сая төгрөгөөр зарахгүй. Сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, зам, ногоон байгууламж гээд цогц бүтээн байгуулалт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэж өгнө” гэлээ.
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Үргэлжлүүлээд дүүжин тээврийн туршилтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, “Дүүжин тээврийн туршилт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн суулгахгүйгээр элс зэрэг бүтээгдэхүүн тавьж даацын туршилтыг хийж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад бүрэн оруулж, зорчигчдоо хүлээн авна. Зорчих үнийн тухайд 1500-2000 төгрөг байхаар тооцоолсон. 98 кабин бэлэн байгаа. Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байна. Зарим хүмүүс "Хэн Яармагаас Хархорин явах юм" гэж байна лээ. Хархориноос хотын төв орох нийтийн тээврийг холбоно. Энэ трасс амжилттай байвал дараагийн холболтын төлөвлөлтийг хийнэ. Ирэх жил их багтаамжийн хоёр төслийг эхлүүлэх гээд газар шорооны ажлыг эхлүүлээд байна.
-Инженер хангамж маш эрсдэлтэй байдалд орсон. Эрчим хүч, цэвэр бохир ус гээд бүгд ачаалал нь ихэссэн. Орон сууцжуулахын хэрээр энэ бүх асуудлыг шийднэ. ТЭЦ V барьснаар дараагийн орон сууцны төслийг эхлүүлэх суурийг тавьж байгаа юм. Дэд бүтцээ гэр хороолол руу оруулснаар гэр хорооллыг барилгажуулна. Дээрээс нь Эрчим хүчний хувьд байнга дутагдалтай байгаа. 170 МВт дутагдалтай явж байна. Оргил үедээ 2170 МВт хэрэглэж байна. Шөнөдөө 1000 МВт хэрэглэж байгаа. Тиймээс энэ зөрүүг арилгахын тулд 5-10 МВт-ын жижиг баттерей хураагуурыг гэр хороололд тавина. Цаашлаад гэр хороололд байгаа 219 мянган янданг цахилгаан эх үүсвэрээр халаах хувилбар дээр тооцоолол хийж байгаа. Энэ өвөл 6000-10000 айлд дулаан хураагуурыг цахилгаан эх үүсвэрээр халаадаг технологийг туршина. Мөн 5000 айлыг хийн зуухан шилжүүлсэн. Гэсэн ч өртөг маш өндөр байна. Зөвхөн хийн зуухан 6.5 сая дээрээс нь газ. Энэ бол зардал өндөр учраас удаан явах төсөл биш. Тиймээс илүү хямд өртөгөөр үр ашигтай байх хувилбарыг хайна. Мөн томоохон төслөө яаралтай хийж дуусгах шаардлагатай байна” гэв.
Туулын хурдны зам төсөлд маш олон асуудал байна
"Туулын хурдны замын 500 тэрбумын 350 тэрбумыг нь түгжсэн. 150 тэрбум төгрөгийг нь зарцуулсан. Туулын хурдны замыг шалгаруулсан үйл явц нь өөрөө асуудалтай. Дээрээс нь 500 тэрбум төгрөгийн даатгалын баталгаа гаргасан Мөнх даатгал гэдэг компани энэ хэмжээний нөөцтэй компани байсан уу? Мөн орчуулгын асуудал гээд Туулын зам төсөл дээр маш олон асуудал байна, энэ бүхэн шүүх дээр явж байгаа. Нэмэлт гэрээ хийгээд энэ ажлыг үргэлжлүүлье гэхээр дуусаагүй киноны хоёрдугаар анги болох гээд байна.
14 хоногийн зам ашигласны төлбөрийг 2027 оны татвар дээр хасна
-Авто зам ашигласны татвар Иргэдийн хуралд эрх нь бий. Өнгөрсөн есдүгээр сард 28 хоног дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцсон. Иргэд 14 хоног машинаа унаагүй энэ хоногуудын зам ашигласны төлбөрийг 2027 оны татвар дээр хасаж тооцно. Мөн өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар гэж байгаа. Үүнийг хасаж хүсэлтийг УИХ-д өргөн барьсан байгаа. Тэгэхээр зам ашигласны татвараа Иргэдийн хурал шийднэ. Өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг Их хурал шийднэ. Машин ачилтыг болиулах асуудлыг судалж байна" гэлээ.
Нийтэлсэн огноо2026-10-07





