61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарчээ www.eagle.mn
Зун, намрын улиралд улсын хэмжээнд 76.9 сая толгой мал бэлчээрлэсэн бөгөөд хүн амын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчим толгой малыг нийлүүлэхээр тооцсон. Үүний дүнд улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Нийт эргэлтэд оруулах малын 67 орчим хувийг Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд бүрдүүлж байна.
Зуншлагын нөхцөл байдал 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар зуншлага муу байгаа нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж, хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхааралдаа авч байна.
Өвөл-хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан.
Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байна.
Нийтэлсэн огноо2026-10-23





