Улаанбадрах сумаас Зөөвч-Овоо хүртэлх 60 км авто замын барилгын ажил эхэллээ www.montsame.mn
Улаанбадрах сумын төвийг Зөөвч-Овоо төслийн талбайтай холбох 60.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өчигдөр эхэллээ.
Энэхүү зам нь Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг" компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжиж буй Зөөвч-Овоо ураны төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг бөгөөд бүс нутгийн тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулах, орон нутгийн авто замын сүлжээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Авто замын төслийн захиалагчаар “Бадрах Энержи” ХХК, гүйцэтгэгчээр “Аргалант транс” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, холбогдох стандарт, норм дүрмийн дагуу гүйцэтгэж 2028 оны арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна.
Зөөвч-Овоо ураны орд нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 130 орчим километрийн зайд, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт Гурванбаяны хөндийд оршдог. Харин Зүүнбаянгаас Зөөвч-Овоо хүртэлх 30 гаруй км замыг мөн л засаж сайжруулж байгаа бөгөөд энэ зам ашиглалтад орсноор зорчигчид 130 км шороон замаар Улаанбадрах сум руу явалгүйгээр Сайншанд-Зүүнбаян-Зөөвч-Овоо-Улаанбадрах чиглэлд 140-150 орчим км газар засмал замаар зорчих боломж бүрдэх юм.
Цаашдаа Улаанбадрах-Хөвсгөл-Хатанбулаг чиглэлийн засмал зам барих боломж гарахыг ч үгүйсгэхгүй аж. Ташрамд, Зөөвч-Овоо ураны төслийн хүрээнд ажилчдын орон сууц барих ажлын эхний хэсгийг 2027 онд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу төслийн бүх хугацаанд нийт 1.6 тэрбум ам.доллар-ын хөрөнгө оруулалт хийхээр тусгасан бөгөөд төлөвлөгөө ёсоор 2028 онд үндсэн олборлолт, үйлдвэрлэл эхлэх юм. Ордыг 30 гаруй жилийн хугацаанд ашиглахаар тооцсон байна.
Нийтэлсэн огноо2026-11-02





