“Эрдэнэт үйлдвэр”-ийн урт хугацааны хөгжлийн ТЭЗҮ-г хүлээлгэн өглөө www.montsame.mn
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2080 он хүртэлх хөгжлийн чиглэлийг тодорхойлсон “Эрдэнэтийн-Овоо” зэс-молибдены ордын ашиглалтын техник, эдийн засгийн үндэслэлийн Тодотгол-1 баримт бичгийг тус үйлдвэрт хүлээлгэн өглөө.
Шинэчилсэн ТЭЗҮ-д ордын геологийн нөөцийг өмнөх 2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болгон нэмэгдүүлэн тооцсон бөгөөд олборлолт, хүдэр боловсруулах технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны хамгаалал, уурхайн хаалтын төлөвлөгөөг тусгажээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ордын нөөцийн үнэлгээг олон улсын ЖОРК (JORC) кодын зарчим, аргачлалд нийцүүлэн шинэчилсэн нь үйлдвэрийн урт хугацааны хөгжлийг төлөвлөх, цаашид олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Түүнчлэн уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд цахилгаан эрчим хүч ашиглах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох зэрэг технологийн шинэчлэлийг тусгасан байна. Тухайлбал, олон тонн даацтай 40 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах, 10 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр шийдлийг нэвтрүүлснээр нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон байна.
ТЭЗҮ боловсруулах ажлыг “Эс Ар Ди Констракшн” ХХК, “SLR Consulting” компани 2023 оны есдүгээр сараас хамтран гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд геологи, нөөцийн үнэлгээ, уул уурхайн инженерчлэл, хүдэр баяжуулалт, дэд бүтэц, байгаль орчин, санхүүгийн тооцоолол зэрэг чиглэлээр ажилласан байна.
“Эс Ар Ди Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнийн мэдээлснээр, төслийн явцад 13 мянга гаруй файл бүхий 149 гигабайт анхдагч мэдээллийг нэгтгэн боловсруулж, 12 завсрын болон 20 техникийн тайлан гаргажээ. Мөн үйлдвэрийн 32 ажилтан төслийн ажлын хэсэгт албан ёсоор томилогдож, нийт 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.
“SLR Consulting” компанийн Монгол Улс дахь салбарын захирал Родни Грэхэм төслийг олон улсын туршлага, мэргэжлийн багийн хамтын ажиллагаанд тулгуурлан боловсруулсныг онцолж, ордын нөөцийн үнэлгээнд ахлах геологич Б.Оюунбатын оруулсан хувь нэмрийг тэмдэглэв.
Шинэчилсэн ТЭЗҮ-д уурхайн хаалтын төлөвлөгөөг мөн тусгасан нь олборлолтын дараах байгаль орчны нөхөн сэргээлт, шаардагдах санхүүжилтийг урьдчилан тооцож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-11-02





